Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг төсөл, хөтөлбөрүүдээ эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-03 15:09:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Нийгэмлэгүүдийн олон улсын холбооны Монгол дахь салбар нийгэмлэгээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг өнөөдөр эхлүүллээ.


Дэлхийн зуу гаруй оронд салбартай тус байгууллагын Монгол дахь Нийгэмлэгийг олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан залуус байгуулжээ.


Тус нийгэмлэг нь ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн харилцан ойлголцлын төлөөх боловсролын төвтэй хамран ерөнхий боловсролын сургуулийн залуу багш нарт зориулсан “Дэлхийн иргэний боловсрол” төсөл, ХБНГУ-ын Роберт Бош сангийн дэмжлэгээр “Байгууллагын дотоод хөгжлийг сайжруулах” төсөл, НҮБ-ын Залуу элч зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 


Тухайлбал, багш нарт зориулсан, цахим болон биечилсэн уулзалт хосолсон сургалт энэ сарын 19-нөөс 10 дугаар сарын есний хооронд болно. Энэ үеэр дэлхийн иргэний боловсролын тухай ойлголт, дадлага, заах аргын тухай видео, унших материал, жишиг хичээлийн мэдээллийг 35 хүртэлх насны багш нарт өгнө. Мөн дээрх сэдвээр гадаад, дотоодын зочид илтгэгчидтэй харилцах боломж болгох аж.


“Нийгэмлэг нь хөгжлийг хүн бүрт тэгш хүртээх, тогтвортой хөгжлийг дэмжсэн шинэлэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой”-г Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Хишигжаргал нээлтийн үеэр дурдсан юм.


Энэ оны 4 дүгээр сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус Нийгэмлэгийн Монгол дахь салбарын гишүүнчлэл нь 18-аас дээш насныханд нээлттэй. Гишүүнчлэлийн сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 24 хүртэл үргэлжилнэ.


НҮБ-ын Нийгэмлэгүүдийн олон улсын холбоо нь 1946 онд байгуулагдсанаас хойш хүний эрх, дэлхийн иргэний боловсрол, тогтвортой хөгжлийн зорилтууд дахь иргэний нийгмийн оролцоо, НҮБ дахь ил тод байдал гэсэн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгүүлдэг. Нью-Йорк, Женев, Сөүл хотод төвүүдтэй.


Холбоотой мэдээ