"Залуучуудын-100 жил" цахим нээлтийн үйл ажиллагаа болов

Фото
185@montsame.mn
2021-09-01 20:48:13

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. "Залуучуудын-100 жил" орон нутгийн цахим нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав. 

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Залуучуудын хөгжлийн сарын аяны “Залуучуудын-100 жил” орон нутгийн цахим нээлтийн үйл ажиллагааг наймдугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү цахим үйл ажиллагааг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Алтайбаатар нээж үг хэлсэн бол аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэг, хүүхэд, залуучуудын чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн орон нутгийн хөтөлбөрийн зохицуулагч М.Эрдэнэбилэг, МЗХ-ны Тэргүүлэгч Т.Рэнцэнпүрэв нар Алтай нутгийнхаа нийт залууст хандан мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Мөн Залуучуудын хөгжлийн төвийн танилцуулга, үйл ажиллагааны тайлан, Залуучуудын хөгжлийн сарын аяны ажлын төлөвлөгөөг Залуучуудын хөгжлийн албаны Сургалт хариуцсан ажилтан Э.Мэндсайхан танилцуулсан бол Алтай нутгийнхаа нийт залуусын сэтгэлийг хөглөж, итгэлийг дөллөж Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө хэмээн Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.