Э.Мягмардорж: Эх бичиг биднийг хүмүүжүүлдэг, оюуны сэргэн мандлыг сэргээхэд хувь нэмэр оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол соёлын өглөө" өдөрлөг Үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлье! Та 2025 ондоо бэлэн үү?" уриан дор өнөөдөр 6:00-9:00 цагт “Өглөөний гудамж”-нд боллоо.
Энэхүү өдөрлөгийг өнөөдөр тохиож буй "Эх хэлний өдөр"-т зориулан зохион байгуулав.
Нээлтийн ёслолын үеэр МУСГЗ, “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, хэл бичгийн ухааны магистр Б.Элбэгзаяа хэлэхдээ, “Улс эх орон даяар өнөөдөр эрдэм оюуны үйлдвэрлэлийн бүтэн жилийн гараа эхэлж байна. Энэ өдөр бид бүхний хувьд мартаж болохгүй нэгэн тэмдэглэлт өдөр юм. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 онд гаргасан зарлигаар есдүгээр сарын 1-нд эх хэлээ эрхэмлэн тэмдэглэх өдөр болгосон билээ. Энэхүү сайхан өдрийг тохиолдуулан эх орондоо хайртай, Монголоо оюун санааны хувьд авч үлдэх гэсэн залуу үеийнхэн маань монгол бичиг соёлдоо хайртай сэхээтэн багш, зохиолч, эрдэмтэд, ТББ-ынхан гээд олон хүн Эх хэлний өдрөөр хэл соёлоо түгээх дэлгэрүүлэх үйлсэд санал бодлоо нэгтгэхээр ирсэнд мэргэжлийн хүний хувьд талархаж байна.
Төр засаг талаасаа Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний шинэ хөтөлбөр гэх мэт хууль эрх зүйн бүх орчин бүрдсэн. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх хугацаандаа Засгийн газраар баталсан энэхүү хөтөлбөр 2024 оныг хүртэл богино хугацаатай, хийх ажлын жагсаалт, хариуцах эзэд нь тодорхой болсон юм.
Өмнө жилээс бидний алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий Өвөрмонгол ахан дүүсийн маань хүүхдүүд нэгдүгээр ангиасаа босоо монгол бичиг сурах эрх нь багассан. Иймд бид монгол бичгээ авч үлдэх том үүргийг хүлээн аваад байна” хэмээв.
Академич, доктор (Ph.D), ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч А.Алимаа, “Хэл, соёл хоёр бол хэзээ ч салшгүй бие биенээ нэгтгэж байдаг зүйл. Хэл, соёл бол бодит амьдралыг болон уран сайхны ертөнцийг тусгаж байдаг. Үүгээрээ бид эх хэлний соёлыг бүтээж байгаа юм. Түүнчлэн Монгол бичиг мэддэг, судалдаг хүн бүхэнд манай Хэл зохиолын хүрээлэнгийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гэв.
“Монголын Контемпорари Каллиграфчдын холбоо”-ны тэргүүн Э.Мягмардорж хэлэхдээ, “Өнөөдөр Эх хэлээ аваръя! ТББ болон бусад байгууллага хувь хүмүүстэй хамтран энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Бид эх хэлээ аваръя, эх хэлээ сурцгаая гэсэн уриан дор явуулж байна. Залуу үеийнхэндээ болон монголчууддаа монгол бичгээ заавал сураарай, эх бичиг маань биднийг хүмүүжүүлдэг, бидний оюуны сэргэн мандлыг сэргээхэд томоохон хувь нэмэр оруулах юм шүү” хэмээв.
Өдөрлөгийн үеэр “Хүн наран” Монгол бичгийн цогц сургалтын төв, Аравт продакшн, Хаан бичиг номын дэлгүүр, Каллиграфчид, зохиолчид хамтран ажилласан юм.
Ташрамд дурдахад, Монгол хэлээр дэлхий нийтэд 10 сая гаруй хүн ярьдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тухайлбал, Монгол Улс (3 сая 300 мянга орчим), БНХАУ (өвөр Монгол 7 сая орчим), ОХУ (буриад Монгол 647 мянга) байдаг. Монгол Улсын иргэд төрөлх эх хэлээрээ хэлд ордог ч БНХАУ юм уу, ОХУ дахь Монгол үндэстэн тухайн улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болох магадлал өндөр болсон талаар зарим эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсэн байдаг.
Гэрэл зургийг Н.Батбаяр