Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд 50 автобус нэмж гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод нийтийн тээврийн 50 автобус нэмэлтээр үйлчилж эхэллээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод 100 чиглэлд 935 автобус үйлчилдэг байсан бол өнөөдрөөс 985 болж буйг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв. Ингэснээр коронавирусний халдвараас сэргийлж, хүн хоорондын зай барих боломж бүрдэнэ хэмээн үзжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд гарч буй автобусны ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа аж.
Тус газраас иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амны хаалтаа сайтар зүүх, цахим төлбөрийн картаар үйлчлүүлэн, бэлэн мөнгөөр зорчихгүй байхыг анхаарууллаа.