Ховдод сургалтын үйл ажиллагааг танхим болон цахимаар явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-27 18:58:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 25 сургууль, 33 цэцэрлэгт нийт 2663 багш, ажилтан байна.

Үүний 2560 буюу 96 хувь нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсан. Харин 409 багш, ажилтан буюу 15 хувь нь халдвар авч эдгэрсэн гэх судалгаа гарчээ.

Мөн Ховд аймагт 12-оос дээш насны 10530 хүүхэд бий. Үүний 9552 буюу 90.7 хувь нь вакцинд хамрагдсан байна.  

Иймээс ЭМЯ, БШУЯ-ны сайдын хамтарсан тушаалаар баталсан “Түр журам”-д заасны дагуу 12 ба түүнээс дээш насны хүүхдүүд буюу 7-12 дугаар ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлнэ. 

Орон нутагт халдварын тархалт их байгаа учраас 6-11 насны хүүхдүүд буюу 1-6 дугаар ангийн сурагчдын хичээлийг eсдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд цахимаар зохион байгуулах шийдвэрийг өнөөдөр Ховд аймгийн Онцгой комиссын хурлаас гаргасан байна. 

Мөн цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны eсдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн танхимаар хичээллүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар болжээ. 

 

Холбоотой мэдээ