“Хорийн бүлэг”-т Афганистан дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-27 12:01:34

РОМ. /Xinhua/. Афганистан “Талибан” хөдөлгөөний хяналтад орсонтой холбогдуулан тус улс дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө “бололцоотой бүхнийг хийхийг” Италийн Ерөнхий сайд Марио Драги “Хорийн бүлэг”-т пүрэв гарагт уриалжээ. 


Эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлаарх “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт Италийн эргийн Санта-Маргерита-Лигуре хотод пүрэв гарагт болжээ. “Хорийн бүлэг”-ийг энэ онд Итали улс даргалж буй юм.


“Хорийн бүлэг” афган эмэгтэйчүүдийн үндсэн эрх, эрх чөлөө, тэр дундаа боловсрол эзэмших эрхийг хадгалан хамгаалахын төлөө бололцоотой бүхнийг хийх ёстой. Афган охид, эмэгтэйчүүд эрх чөлөө, нэр төрөө алдаж, 20 жилийн өмнөх байдалдаа эргэн очихын ирмэг дээр ирээд байхад бид төөрөлдөж болохгүй” гэж М.Драги мэдэгджээ.


“Тэд эмэгтэй төрснийхөө төлөө дахин хоёрдугаар зэрэглэлийн иргэд болж, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах үзлийн хохирогчид болох эрсдэлтэй байна. “Хорийн бүлэг”-ийн гишүүдийн хувьд, бид зөвхөн иргэдийнхээ өмнө төдийгүй дэлхий нийтийн өмнө үүрэг хүлээсэн. Бид дэлхийн өнцөг булан бүр дэх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ёстой” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлэв.


Италийн Гэр бүл, тэгш байдлын асуудал хариуцсан сайд Элена Бонеттигийн даргалсан энэхүү дээд хэмжээний уулзалт нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудалд голлон анхаарсан, "Хорийн бүлэг"-ийн сайд нарын түвшний анхны уулзалт болж байна. Анх энэхүү хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн эрхийг хөхиүлэн дэмжих, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах талаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.


Гэвч АНУ-ын цэргүүдийг Афганистанаас гарч эхэлсний дараа талибууд улсын ихэнх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосонтой холбогдуулан энэ асуудлаар голчлон хэлэлцсэн байна. Э.Бонеттигийн хэлснээр, Афганистан дахь эмэгтэйчүүд, охидын өмнө тулгараад буй эрсдэл нь дэлхий дахины хүйсийн тэгш байдлын ач холбогдлыг тодотгон харуулжээ. 

Холбоотой мэдээ