Америкийн цэргүүдэд вакцинд хамрагдахыг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-26 12:09:36

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын цэргүүдэд “COVID-19”-ийн вакцинд нэн даруй хамрагдахыг үүрэг болголоо гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.


АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer” компанийн вакциныг хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн баталснаас хоёр хоногийн дараа гаргасан энэхүү шийдвэр нь вакцинд хамрагдаагүй байгаа 800 мянга гаруй алба хаагчийг вакцинжуулах нөхцөлийг бүрдүүлэх юм. 


Л.Остины мэдэгдэлд вакцинжуулалтыг хэзээ дуусгах ёстой талаар дурдаагүй боловч дархлаажуулалтын явцын талаар тогтмол мэдээлэх шаардлагыг цэргийн анги салбаруудад тавьсан байна.


“Улс орноо батлан хамгаалахын тулд бидэнд эрүүл чийрэг, бэлэн хүчин хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, цэргийн удирдлагуудтай нягт хэлэлцсэний дүнд, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр миний бие цэргүүдийг коронавирусний эсрэг вакцинд заавал хамруулах шийдвэр гаргасан нь Зэвсэгт хүчнийг хамгаалах, Америкийн ард түмнийг батлан хамгаалах ач холбогдолтой юм” гэж Л.Остин мэдэгджээ.


АНУ-ын Зэвсэгт хүчин Америк дахь болон дэлхий дахинд байршуулаад буй цэргүүдээ вакцинд хамруулна. Харин Үндэсний гвардын цэргүүдийн хувьд АНУ даяар тархан байршсаны сацуу сард ердөө ганцхан удаа бэлтгэл хийхээр цуглардаг тул вакцинжуулахад хүндрэлтэй байж магадгүй байна.


Цэргүүдийг вакцинд заавал хамруулах шийдвэр нь одоогийн байдлаар зөвхөн “Pfizer”-ийн вакцинд хамаарах юм. “Moderna” компанийн хувьд вакцинаа хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн батлах хүсэлтийг Хүнс, эмийн чанарын хяналтын газарт хүргүүлээд байна. Харин “Johnson and Johnson” энэ оны эцсээр хүсэлтээ гаргахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ