Монгол Улсын баг тамирчид “Танкийн биатлон” тэмцээнд гараандаа тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-25 16:29:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсад уламжлал ёсоор зохион байгуулж буй “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд болж буй “Танкийн биатлон” тэмцээний нээлтэд зориулсан ёслолын ажиллагаа энэ сарын 23-ны өдөр болов.


Уг нээлтийн ёслолд Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Материал техникийн газрын Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг нар оролцлоо.


Нээлтийн ёслолын өдөр Монгол, Венесуэл, Сири, Вьетнам зэрэг улсын танкчид өрсөлдсөнөөс манай улсын баг тамирчид гараандаа тэргүүн байрт шалгараад байна.




Энэ гараанд танкийн даргаар дэслэгч М.Зундуйжамц /336/, буудагчаар ахлагч З.Анхбадрах /311/, механик-жолоочоор ахлах ахлагч Д.Дэмидсүрэн /327 / нар уралдан их буу, пулемётын байнуудыг бүрэн устгасан ба 23 минут 57 секундийн амжилт үзүүлжээ.

Холбоотой мэдээ