Жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн анхны залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус холбооны ахмадууд, удирдлагууд болон зочид төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр боллоо.
Мөн энэхүү үйл ажиллагааны дараа хүндэтгэлийн хурал хийсэн
юм. Хуралд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Монгол Улсын Ерөнхийлөгч
У.Хүрэлсүхийн бие төлөөлөгч, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын бие
төлөөлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бие төлөөлөгч, МЗХ ахмадын
зөвлөлийн тэргүүн Д.Дашжамц, УИХ-ын гишүүн Н.Учрал, JCI байгууллагын
Ерөнхийлөгч Г.Баярмагнай, МЗХ-ны нарийн бичгийн дарга Б.Төрсүлд нар болон
бүтцийн салбар хороодын тэргүүн, тэргүүлэгчид, хүндэт зочид баярын мэндчилгээ
болон илтгэл тавилаа.
МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од цэцэг өргөх хүндэтгэлийн
ёслолын үеэр хэлсэн үгэндээ, “Өнөөдөр бид МЗХ-ны үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар,
МЗХ-ны анхны дарга Х.Чойбалсан нарт цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. 100 жилийн
ойн хүрээндээ бид залуучуудыг хөгжүүлэх ажил түлхүү санаачлан хийхээр төлөвлөж
байгаа ч КОВИД-19 цар тахлын улмаас төдийлөн олон үйл ажиллагаа зохион байгуулж
чадахгүй байна. Бидний цаашид хийх ажлын нэг бол цэргийн шинэчлэл хөтөлбөрийг
хэрэгжүүлэхээр судалгааны ажилдаа орсон явж байна. Монгол залуус болон эцэг
эхчүүд цэрэгт явахаас айдаг биш явахын төлөө тэмүүлдэг байгаасай.
Мөн хорих ангиудыг сургууль болгох хөтөлбөр эхлүүлэхээр
зорьж байгаа. Ял эдлээд гарч ирж байгаа хүн улам муу хүн болох бус харин сурч
боловсрон хүмүүждэг байгаасай. Тэднийг гараад ирэхэд хүмүүс гадуурхалгүй, ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэн сайхан амьдрах үүдийг нь нээж өгөх
хэрэгтэй” гэлээ.
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэн хөгжсөний түүхт ой тохиож байна. Орчин цагийн
залуучуудын байгууллага Монголын Залуучуудын Холбооны удирдлага, хамт олон
МХЗЭ-ийн ахмад зүтгэлтэн, гишүүддээ хүндэтгэл үзүүлж "Баярын хурал"-
аа зохион байгуулж байна. 100 жилийн түүх дурсамжид гар бие оролцож, үйл хэргээ
бүтээсэн алдартнуудыг алдаршуулан ойн медалиар энгэрийг нь мялаалаа.
Мөн МЗХ-нд олон жил ажилласан н.Амарбаясгалан, н.Долгоржав нарыг 100 жилийн босгон дээр 2 өрөө байраар шагналаа.