Истанбулынхтай адил халдлагыг АНУ-д үйлдэж болзошгүй гэж анхаарууллаа

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-06-30 12:01:20

ВАШИНГТОН. /Xinhua/. Туркийн Истанбул хотын Ататуркийн нисэх онгоцны буудалд олон хүний аминд хүрсэн террорист халдлага болсны дараа АНУ-ын Тагнуулын төв газрын захирал /ТТГ/ Жон Бреннан ярилцлага өгөхдөө “АНУ-д “Лалын улс”-ынхан үүнтэй адил халдлага үйлдэхгүй гэх баталгаа байхгүй” гэжээ.

Тэрбээр хэлэхдээ “тус бүлэглэлийнхэн ийм халдлага үйлдэхээр төлөвлөж байж болзошгүй гэж тагнуулын ажилтны хувьд түгшиж байна ... Гадаад орнуудад аль болох олон хүнийг хөнөөж, халдлага үйлдэх нь тэдний зорилго” гэсэн байна.

“Лалын улс”-ынхан АНУ-д энэ төрлийн халдлага үйлдэхэд гайхах юм байхгүй гэж тэрбээр  хэлжээ.

Ататуркийн нисэх онгоцны буудалд Туркийн цагаар мягмар гарагийн орой зэвсэгт этгээдүүд гал нээн, дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 42 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан юм.Одоогоор уг халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна.

Мягмар гарагийн халдлагыг “Лалын улс” үйлдсэн гэж Бреннан шууд хэлээгүй боловч “Халдлага үйлдэхдээ амиа золиослогчдыг ашиглах нь “Лалын улс”-ын гол тактик ” гэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ