Автозамын трасст орсон бургаснуудыг шилжүүлэн суулгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газар, “Даймонд рөүд” ХХК хамтран шинээр барих авто замын трасст өртөөд буй бургасыг чөлөөлөн, стандартын дагуу шилжүүлэн суулгаж байна.
Энэ талаар НБОГ-ын дарга М.Нямбаяр “Бид гүйцэтгэгч компанид зөвлөмж, шаардлага хүргүүлээд, амьдрах чадвартай, залуу бут, бургаснуудыг эрүүл газар нүүлгэн шилжүүлж байна. Бургас булах, түрж хаясан зүйл байхгүй. Мэдээж хогийн ургамлууд, шарилж, амьдрах чадваргүй бургасыг цэвэрлэж байгаа” гэжээ.
ХУД-ийн 17
дугаар хорооны нутагт байдаг “Хан хилсс” хотхоноос Зайсангийн замыг холбосон нэг км урт автозамын ажлыг энэ сарын 16-наас эхлүүлээд
байна. Тус авто зам нь
13.8 метр өргөн бөгөөд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг,
явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ.
“БОАЖЯ-ны харьяа
Ойн судалгаа, хөгжлийн төвөөс замын трасст өртсөн бургасны хохирол, тоо хэмжээг гаргаж, журмын
дагуу үнэлэн 48 сая төгрөгийн нөхөн төлбөрийг гүйцэтгэгч
компаниар гаргууллаа. Энэ
дагуу “Даймонд Рөүд” ХХК нь трасст өртсөн бургаснуудын
нөхөн төлбөрийг БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасан. Хэдий нөхөн төлбөр төлсөн ч ургах
боломжтой бургасыг стандартын дагуу шилжүүлэн суулгаж
байна” гэж НБОГ-ын Ойн
хэлтсийн дарга М.Чинсанаа ярив.
Харин гүйцэтгэгч компани замын трасст өртсөн бургасыг нүүлгэн шилжүүлэх, суулгах ажлаа ирэх долоо хоногт дуусгах бөгөөд автозамыг аравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна. Ингэснээр “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны оршин суугчид баруун, зүүн тийш гарсан хоёр гарцтай болж ХУД-ийн 17 дугаар хороонд үүсдэг түгжрэлийг багасгах ач холбогдолтой аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ривер гарден”,
“Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд
өгсөн билээ.