Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөлд өнөөдрөөс бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-16 18:09:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо" төсөл хөтөлбөрт оролцогчдыг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Энэ хөтөлбөрт 18-34 насны, сүүлийн 3 жил ажил хөдөлмөр эрхлээгүй, их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллага болон сургуульд суралцдаггүй, ажилтай орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх зорилго, хүсэлтэй залуучууд оролцох боломжтой юм. 

Энэхүү төсөл хөтөлбөр нь залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой юм гэдгийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас онцлон мэдээлж байна. 



Төсөлд хамрагдагсад төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn сайтаар дамжуулан энэ сарын 16-22-ны хооронд бүртгүүлэх боломжтой юм. Бүртгүүлэхдээ  www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудаст өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч “ОРОЛЦОО” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ. Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд залуучууд өөрийн регистрийн дугаараа оруулан шалгах юм. Төслийг ХНХЯ, БШУЯ, БХЯ, Соёлын яам хамтран хэрэгжүүлэх юм. 


Холбоотой мэдээ