Нью-Йорк муж улсын захирагч огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-11 14:18:13

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куомо олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосонтой холбогдуулан үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.


“Миний энэ цаг үед гаргаж чадах хамгийн сайн шийдвэр нь огцрох бололтой” хэмээн Э.Куомо мэдэгдээд, өөрийг нь буруутгасан мэдээллүүдийг үргэлжлүүлэн үгүйсгэжээ. Түүний огцрох шийдвэр 14 хоногийн дотор хүчин төгөлдөр болно. 


Ингэснээр дэд захирагч Кэти Хочул нь Нью-Йорк муж улсыг удирдах анхны эмэгтэй болж байна. Э.Куомод Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй Ардчилсан намын гишүүд нь хүртэл огцрох шаардлага тавиад буй юм. Ийнхүү тэрбээр дуулиан шуугианы улмаас албан тушаалаа орхисон Нью-Йоркийн гурав дахь захирагч болж байна.


Нью-Йоркийн Ерөнхий прокурорын газраас явуулсан хараат бус мөрдөн шалгах ажиллагаагаар өдгөө 63 настай Э.Куомо 11 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж байсныг тогтоожээ. Тэдний дунд төрийн албан хаагч бүсгүйчүүд ч мөн багтсан байна.


Тодруулбал, Э.Куомо зүй зохисгүй үг хэлснээс гадна биед нь зөвшөөрөлгүйгээр хүрч, илж, үнссэн гэдгийг тухайн эмэгтэйчүүд ярьжээ.


Мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтийг танилцуулсны дараа Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Сенатын танхимын Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер, Нью-Йоркийн хоёр сенатч тэргүүтэй Ардчилсан намын нэртэй олон гишүүн түүнийг шүүмжилсэн байна.


Мөн Нью-Йоркийн Ардчилсан намын гишүүд Э.Куомод импичмент зарлах ажлыг эхлүүлжээ. Үүнээс гадна түүний холбогдсон хэрэгт эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр болоод байна.


Тэрбээр мягмар гарагт огцорно гэдгээ мэдэгдэхдээ өөрийг нь бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгасныг үгүйсгэсээр байсан ч гаргасан үйлдэлд нь гомдсон байж болзошгүй эмэгтэйчүүдээс гүнээ хүлцэл өчиж буйгаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ