“TikTok” 2020 оны хамгийн их татагдсан хавсралтаар шалгарчээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2021-08-11 12:01:17

ЛОНДОН. /BBC/. Дэлхийд хамгийн их татагдсан хавсралтуудын 2020 оны жагсаалтыг Хятадын “TikTok” тэргүүлснээр “Facebook” компанийн “Messenger” хавсралтыг ардаа орхисон талаар “App Annie” дижитал судалгааны компани мэдээллээ.


Ингэснээр богино хэмжээний дүрс бичлэг хуваалцдаг “TikTok” хавсралт нь энэхүү жагсаалтын эхний таван байрт багтсан “Facebook”-ийн эзэмшдэггүй цорын ганц хавсралт болж байна.


TikTok”-ийн эзэмшигч “ByteDance” компанийн хятад хэлээрх дүрс бичлэгийн хавсралт болох “Douyin” нь мөн Хятаддаа хамгийн их татагдсан хавсралтаар нэрлэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “TikTok”-ийг Америкт хэрэглэхийг хориглох оролдлого хийсэн ч ийнхүү нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй хэвээр байна.


Энэхүү жагсаалтыг 2018 оноос гаргаж эхэлснээс хойш “Facebook”-ийн хавсралтууд эхний байруудыг эзэлдэг байсан бөгөөд одоо ч давамгайлсан хэвээр байгаа юм.


Тодруулбал, Марк Цукербергийн нийгмийн сүлжээний компанийн “Facebook”, WhatsApp, Instagram”, Facebook Messenger” нь эхний таван байрын дөрвийг нь эзэлсэн байна.


Өнгөрсөн онд Д.Трамп АНУ-д “TikTok”-ийг гар утсандаа шинээр татан суулгахыг хориглох зарлиг гаргасан юм. Түүний засаг захиргааны хувьд, “TikTok”-ийг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж мэдэгдэж байсан. Харин “ByteDance” компани уг мэдээллийг няцаасаар иржээ. 

Холбоотой мэдээ