Саарал усны хэрэглээг нэмэгдүүлэхээр судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-11 10:51:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод одоогоор нийт 120 мянган орчим механик тоолуур бүртгэгджээ.


Эдгээрийг халж, ухаалаг тоолуур нэвтрүүлэх, ахуйн хэрэглээний хаягдал усыг цэвэршүүлэн бохирын систем болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх шийдлийг судалж байна. Тухайбал, ухаалаг тоолуур нэвтрүүлснээр тоолуурын өөрийн цахилгааны хэрэглээг 20-50 хувь хэмнэх, хэрэглэгчид усны хэрэглээгээ гар утаснаасаа хянах, усны зохистой хэрэглээг бий болгох зэрэг давуу талтай.


Иймээс НЗДТГ-аас шинээр төлөвлөж байгаа орон сууцны хороолол, инженерийн хангамж бүхий барилга байгууламжийн ундны усны шугамыг ахуйн хэрэглээний уснаас салгах чиглэл баримталж байгаа аж. 


Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд хомсдох судалгаа бий. Үүнээс урьтаж ухаалаг шийдлийн тусламжтай усаа хэмнэн, саарал усны хэрэглээг нэмэх шаардлагатай. Иймээс цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацааг өнгөрч байгааг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газар мэдээлэв. 


Тус ажлын хэсгийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд ажлын хэсэг өчигдөр хуралдаж, холбогдох чиг үүргийн яам, агентлагийн төлөөлөл оролцон, саналаа тусгажээ. Хурлаар салбарын хууль тогтоомж, стандарт, шинэчлэн боловсруулах баримт бичгийн талаар хэлэлцэв.

Холбоотой мэдээ