Яг 30 жил холбоочин...

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-08-10 12:31:31
@ShoovdorBatbold

-Монголын үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ бид хоёр бол заяа ч нэгтэй, зам ч нэгтэй хоёр юм. Би 1969 онд МОНЦАМЭ агентлагийн холбоочин болсон доо. 

-Тэр цаг үед МОНЦАМЭ-гийн холбоо ямар байсан бэ? Хэр хөгжлийн түвшинд байв? Техник технологийн хувьд яаж одоогийнх шиг байгаа аж дээ?

-Тэр үед чинь манай МОНЦАМЭ агентлаг гадаадын улс гүрэн, дотооддоо мэдээ дамжуулах телетайпын сувгийн сүлжээтэй байсан. Гадаадын улс гүрэнд мэдээ хурдан шуурхай дамжуулдаг байлаа. Гадаадын үндэсний мэдээллийн агентлагуудаас төрөл бүрийн үйл явдлын мэдээг цаг алдахгүй хүлээж авах нь бидний үндсэн үүрэгт ажил байсан юм. Телетайпын сувгаар ЗХУ-ын ТАСС, Хятадын Синьхуа, Германы АЦН, Чехословакийн ЧТК, болон дэлхийн улс орнуудаас мэдээ мэдээллүүдийг хүлээн авч түгээдэг. Бидний хүлээн авсан мэдээг орчуулагчид хөрвүүлж улс орон даяар түгээдэг байв. 

-Тантай хамт хэн хэн ажиллаж хөдөлмөрлөдөг байсан бэ?

-МОНЦАМЭ-гийн түүхэнд он удаан жил ажиллаж, арилшгүй ул мөрөө үлдээсэн, манай холбооны том инженер Тэрбиш гуайтай хамт ажиллаж байсандаа би бахархаж явдаг юм. Тэр хүн ёстой ажлыг нугалдаг, ард нь гарч байж л санаа нь амардаг, техникийг мэдэх шиг мэддэг, засвар үйлчилгээг гарамгай хийдэг ажилсаг хөдөлмөрч, хамт олонч сайхан сэтгэл, зүтгэлтэй хүн байлаа. МОНЦАМЭ агентлаг 1957 онд анх үйл ажиллагааны нь хүрээ цараа нь тэлж, өргөжин хөгжиж, тэр цаг үедээ техникийн шинэчлэл хийж, эрч хүчээ авч байсан. Төв шуудан гэж нэрлэж байсан даа. Одоогийн Цахилгаан, харилцаа холбооны сүлжээ төрийн өмчит компани байрлаж байгаа байшингийн 4 дүгээр давхарт МОНЦАМЭ агентлаг төвхнөж, дахин гал голомтоо бадрааж, ажил үйлсээ арвижуулж байлаа. МРТУХ бол СНЗ-д харьяатай том статустай, хүчирхэг байгууллага байсан. МОНЦАМЭ-гийн хөгжлийн алтан үе гэх юм уу, аль эсвэл улс эх орондоо нэр хүнд нь айхтар дэгжсэн он жилүүд бол миний мэдэхээр 1957-1990 он байсан байх шүү. МОНЦАМЭ агентлагт манай холбооныхон шиг том хэлтэстэй нэгж, салбар байгаагүй дээ. Инженер, техникч, холбоочид хамтраад бараг хорь, гучаад хүмүүс ажилладаг байлаа. Ёстой ажлаа ч амжуулдаг, амьдралаа ч өөд татдаг, уралдаан, өрсөлдөөнд ч дандаа түрүү магнайг авч байдаг мандаж явсан хамт олон шүү. 

-Та нарын үүрч, дүүрэх ажлын ачаалал хэмжээлшгүй их байсан уу? Аль эсвэл...

-Манай хамт олон завсарлагагүй, өдөр шөнөгүй 24 цагаар ажиллаж хөдөлмөрлөдөг байсан. Шуурхай мэдээллийн 4 ээлж завгүй ажиллаж, гадаадаас мэдээ хүлээн авна, дотоодоос өгсөн бүх мэдээллийг олон хэлээр бусад агентлагуудад дамжуулдаг. МОНЦАМЭ агентлаг бол гадаад ертөнцийг Монголтой, Монголыг гадаад улс гүрэнд таниулан сурталчилдаг гүүр болсон байгууллага даа. 

-Та МОНЦАМЭ агентлагт чухам хэдэн жил ажилласан бэ? 

-Яг 30 жил холбоочин хийгээд алдар гавъяаныхаа амралтанд суусан. Би чинь 1999 онд өндөр насандаа суусан. Сул цалинтан болсон гэсэн үг. Цаг хугацаа ч цахилж яваа гөрөөс шиг мөн чиг хурдан байна шүү. 

-Төр, засаг болоод МОНЦАМЭ агентлаг таны хөдөлмөр зүтгэлийг хэр өндөр үнэлж, шагнаж урам хайрласан бэ?

-Нэгдүгээр зэргийн холбоочин байлаа. 1996 онд МОНЦАМЭ агентлагийнхаа 75 жилийн ойгоор төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ гоёсон. Саяхан бас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Аав ээж, ах дүү, амраг садандаа өргүүлж, тэврүүлж үнсүүлж явсан болохоос биш Монгол Улсын төрдөө ийн чанга тэврүүлж, халуун дотно үнсүүлж, өндөрт өргүүлнэ чинээн санаж яваагүй хүн шүү би. Андуураагүй бол МОНЦАМЭ-гийн "Хүндэт дэвтэр"-ийн анхны алтан хуудсанд анх удаа заларсан хүн бол би байх шүү. 

-Ингэхэд ер нь МОНЦАМЭ агентлаг танд чухамдаа үнэ цэнтэй юу өгсөн бэ? 

-МОНЦАМЭ надад бүх үнэ цэнтэй зүйлийг өгсөн. Авгай л олж өгсөнгүй гэж гомдолтой биш дээ би чинь. МОНЦАМЭ-д холбоочноор ажиллаж байхдаа би оройгоор их сургууль төгсч, эрдэм, боловсролоо ахиулсан. МОНЦАМЭ-гээс шинэ орон сууц авч, магнай хагартлаа баярлаж явлаа. 1978 онд Чех, 1979 онд Болгар, 1983 онд Румын, 1990 онд Хятадад төрийн тэргүүн агсан Ю.Цэдэнбал даргын холбоочноор, анхны ерөнхийлөгч П.Очирбатын холбоочноор явж ажиллаж байлаа. МОНЦАМЭ-гийн буянаар би газар үзэж, нүд тайлж, хөгжилд бахархаж, дэвшилд хөөрч явсан минь санаа сэтгэлээс хэзээ ч гардаггүй юм.

-Төрийн тэргүүн нарын өндөр дээд айлчлалын мэдээг цаг хором, агшин алдахгүй эх орондоо хүргэх амаргүй хэцүү байсан уу? Аль эсвэл төвөг бэрхшээл багатай байсан уу?

-Маш өндөр хариуцлага байсан. Гадаад орнуудын мэдээллийн агентлагуудтай хамтарч, цагийн зөрүү, өдрийн ялгааг ч харгалзахгүйгээр яаралтай, шуурхай мэдээллээ дамжуулах нь миний үүрэг. “Морьтын хишиг явганд” гэгчээр зовж явсангүй, жаргаж л явлаа. Хэвлэл, мэдээллийн нэг багт багтаж, нэрт сэтгүүлч СГЗ Т.Галдан, гэрэл зургийн сурвалжлагч С.Батсүх нартай олон удаа явсан даа. 

-Та чинь ямар нутгийн уугуул билээ? Мэдээж танайх өнөр өтгөн, сайхан амьдарч байна уу?

-Би Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул. Манайх 7 хүүхэдтэй. Цөмөөрөө ажил мэргэжил эзэмшиж, айл гэр бүл болж, улс эх орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөж явна. Хүүхдүүдийн том нь 60 насыг гаталж, хэнз нь гэхэд л 40 гарч байна. Багш, эмч, инженер, геологич гээд янз бүрийн л мэргэжилтэй болцгоосон. Эрдмийн зэрэг цолтой ч хүү байна. Охин ч эрдэмтэн боллоо. Хүүхдийн ач, гавъяа гэж яндаж болдоггүй далай шиг юм байна шүү дээ. Ач зээгээ тойруулсан шиг суух ч бас аз жаргал юм байна. 


...Бидэнтэй хуучилж суугаа нас буян нь заяа тавиландаа шингэсэн, сэтгэл зүрх нь амьдрал, аз жаргалдаа ханасан энэ сайхан төвшин буурлын алдрыг Лувсанцэрэнгийн Содном гуай гэдэг юм. Яснаасаа холбоочин, цуснаасаа авъяаслаг техникийн сэтгэлгээтэй хүн дээ. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүх, шастирт үлдэх л хүний нэг яах аргагүй мөн. Түүнтэй хамт ажиллаж явсан, түүнийг арван хуруу шигээ мэдэх гэрэл зурагчин С.Батсүх, сэтгүүлч Д.Догсмаа нартай түүний тухай хэдэн үг сольсон юм.


С.Батсүх:

-Л.Содном гуайтай би 1970, 1980-аад онд хамт МОНЦАМЭ агентлагт ажиллаж, сурвалжилганд үг нэгтгэж, нийтлэлд санаа сэдэж, бүтээлд урам хайрлаж явлаа. Гадаадад гэвэл Румын, Чех, Хятад зэрэг улс гүрэнд төрийн тэргүүний өндөр хэмжээний айлчлалын үйл явдлыг сурвалжлахад гар нийлж, ганзага нийлүүлж, дөрөө харшуулж явж байснаа санаж байна. Телетайпынхан чинь нэг том авдар шиг хайрцагтай холбооны аппарат үүрч явдаг байсан. Тэр их хүнд жинтэй овор ихтэй техник, төхөөрөмжийг  дандаа үүрч, дүүрч явна гэдэг яаж ч бодсон амар төсөр байх вэ дээ? Би заримдаа тэр тоног төхөөрөмжөөс нь хамжилцаж дэмжилцэж явсан нь үнэн. Л.Содном гуай бол төрөлхөөсөө их амгалан тайван, адгаж цухалдахыг мэддэггүй хүн. Ажил албандаа үүртэж, түүртэж явахыг нь би л лав анзаараагүй юм байна. Бид гадуур үйл явдлын сурвдалжилганд явна. Л.Содном гуай өрөөндөө үлдэж, ажилладаг байсан. Өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөнө. Үүр цүүрээр жаахан нүдний хор гаргаж, дугхийж л амждаг байсан байх. Хамт олондоо элэгтэй, дэндүү л гэмээр ажилсаг, нөр их хөдөлмөрч л хүн дээ. 


Д.Догсмаа:

-Би МОНЦАМЭ агентлагт анх телетайпд холбоочноор  ажлын гараагаа эхэлж байсан. Анх техникийн албанд ирээд холбоочдыг нь хараад үнэхээр бахархаж билээ. Орос, англи, монголоор 10 хуруугаараа шажигнатал алдаа мадаггүй бичиж байгааг нь харахад яг л бороо шаагин орж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Хоорондоо яриад л ийш тийшээ харсан хэрнээ 10 хуруу нь төгөлдөр хуурч шиг телетайпын товчлуур дээр “бүжиж” байгаа нь анх ажилд орж явсан хүүхдэд ёстой гайхалтай сонин санагдаж байсан. Тэр мундаг холбоочдын нэг бол яах аргагүй Л.Содном ах. Бид чинь нэг ээлжинд олон жил хамт ажиллаад ирэхээр яг л ах, дүү шиг болцгоодог. Бие биенийхээ зовлон, жаргал, сэтгэл санааг сайн ойлгодог болсон байлаа. Л.Содном ах маань олон шавьтай хүн. Би яг гарынх нь шавь биш ч нэг ээлжинд олон жил ажилласан. Шуурхай, нямбай, хүнлэг сайхан сэтгэлтэй. Нэг их олон юм ярихгүй хэрнээ сүрдэж айдаг байж билээ. Тухайн үед бид мэргэжлийн зэргээрээ цалинждаг. Шалгалт өгнө, минутад хэдэн тэмдэгт шивэх, 5 нүхтэй туузыг хэдэн минутад унших, гадаад хэлний мэдлэг, физикийн мэдлэгээ шалгуулж зэрэг авдаг. Манай 1 дүгээр зэргийн холбоочдын нэг шүү дээ. 1 дүгээр зэрэг гэдэг бол хамгийн сайн холбоочин. Цахилгаан шуудан холбооны цахилгааны бичээчид манай телетайпчдын хооронд ажил мэргэжлийн уралдаан байнга болно. Тэнд Содном, Очир ахлагчтай манай МОНЦАМЭ-гийн баг дандаа эхний байруудыг эзэлдэг байсан... 


Энэ мэт олон олон жилийн сайхан дурсамжуудыг ярьж яаж барах билээ. Техникийн албаныхны хүндэтгэлийг хүлээсэн тэргүүний холбоочин Л.Содном гуайдаа урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Мөн түүний уран бүтээлийн дээжээс толилуулья.


Лувсанцэрэнгийн Содном


МИНИЙ ШҮТЭЭН

Бурхан шүтээн, бурхан шүтээн л гэнэ

Буян нүгэл хосолсон энэ л орчлонд

Аялгуу эгшиглэнт бүүвэйгээрээ өсгөсөн ээж минь л 

Адислан залбирах бурхан юм шүү


Гэгээн шүтээн, гэгээн шүтээн л гэнэ

Гэрэл сүүдэр хосолсон энэ л орчлонд

Оюунлаг төрсөн ээж минь л

Онгон шүтээн минь юм шүү


МИНИЙ ТӨРСӨН НУТАГ

Аавын минь сэтгэлд мөнхөрсөн

Ариун дагшин Хэнтий, Тэнүүний уулс

Ээжийн минь ивээлд шингэсэн

Энх амгалангийн өлгий Хэрлэн, Тэнүүний голууд


Дэлгэр улиралд дөрвөн өнгөөрөө солонгорсон

Дээдсийн өлгий миний төрсөн нутаг

Дэгдэн дэрвэх насны минь

Дэндүү жаргалтай миний төрсөн нутаг


Санан санан явахад минь

Сар жилээр хүлээлгэсэн миний нутаг

Бодон бодон явахад минь 

Борхон зүрхийг минь хулжаасан миний нутаг


УУЛСЫН ЦАРАМД БУГА УРАМДАНА

Оргил Хангайн царам дамжин 

Одод түгэх намрын шөнөөр буга урамдана

Жихүүн жавартай намрын шөнө

Жирвэлзэх одод шиг буга урамдана


Хөвчийн цармыг доргитол 

Хөөрхөн буга алсад урамдана

Сайхан дуутай энэ л амьтан урамдах нь 

Салхиар дамжин холын холд хүрнэ.


Ч.Содномдорж

Р.Батхишиг

Холбоотой мэдээ