Дуучин Рианна албан ёсоор тэрбумтан болжээ

Дэлхийд | Эдийн Засаг
anudaritsagaan@gmail.com
2021-08-05 18:14:59

НЬЮ-ЙОРК. /CBS/. Гоо сайхан, загварын салбарт хүчээ сорьж буй дуучин Рианна тэрбумтан болсон гэдгийг “Forbes” сэтгүүл лхагва  гарагт албан ёсоор зарлажээ.


Түүний хөрөнгийн хэмжээ одоо 1.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд гоо сайхны “Fenty Beauty” брэндээ танилцуулснаас хойш дөрвөн жил орчмын дараа ийнхүү дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй уран бүтээлчээр нэрлэгдэж байна.


Алдартай дуучин бүсгүйг тэрбумтан болоход түүний урлагийн карьерээс илүү бизнес нь голлох нөлөө үзүүлжээ. Тэрбээр Робин Рианна Фенти хэмээх өөрийн нэрээр нэрлэсэн “Fenty Beauty” брэндийнхээ 50 хувийг эзэмшээд зогсохгүй үүсгэн байгуулсан дотуур хувцасны “Savage X Fenty” брэнддээ хувь эзэмшдэг байна.


Түүний гоо сайхны бүтээгдэхүүний компанийн хувьцаа 1.4 тэрбум ам.доллароор, дотуур хувцасны “Savage X Fenty” брэндийн хувьцаа нь 270 сая ам.доллароор үнэлэгдэж байна. "Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, Рианна АНУ-ын алдарт хөтлөгч, жүжигчин, продюсер Опра Уинфригийн араас хамгийн чинээлэг эмэгтэй алдартнуудын хоёрдугаарт бичигдэж байна. Мөн дуучны уран бүтээлээсээ олсон орлого нь ч энэ жагсаалтад ороход нь нөлөөлжээ.


Өдгөө 33 настай дуучин бүсгүй Барбадос улсад төрсөн бөгөөд 2005 онд анхны студийн цомгоо гаргаж байжээ. Түүнээс хойш тэрбээр долоон цомог гаргаж, “Грэмми”-гийн шагналыг есөн удаа хүртсэн байна. Мөн түүний “Instagram” хаяг 103 сая дагагчтай бөгөөд энэхүү платформыг ашиглан брэндүүдээ олон нийтэд сурталчилдаг. 


Дэлхийн алдартай “Louis Vuitton”, “Celine” зэрэг томоохон загварын брэндүүдийг эзэмшдэг Францын “LVMH” групп нь “Fenty Beauty” брэндийн үлдсэн 50 хувийг эзэмшдэг байна. Энэхүү брэнд нь эхний жилдээ 550 сая гаруй ам.долларын орлого олж, Кайли Женнерийн “Kylie Cosmetics” гэх мэт ижил төстэй бусад брэндүүдийн амжилтыг эвджээ.


Мөн "Forbes" сэтгүүлийн мэдээлснээр, энэ оны эхээр Рианнагийн дотуур хувцасны “Savage X Fenty” брэнд нь 115 сая ам.долларын санхүүжилт босгож, нэг тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Мөн тэрбээр “TechStyle Fashion Group” компанийн 30 хувийг эзэмшдэг ажээ.

Холбоотой мэдээ