УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-08-04 07:59:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Монгол-Кубын парламентын бүлгэмийн дарга Б.Бат-Эрдэнэ Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг энэ сарын гурванд хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Элчин сайд Раул Дэлгадо Консепсион Монгол, Кубын дипломат харилцаа өргөжин тэлж байгааг дурдаад, цаашид улам бэхжүүлж, хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ. Мөн Куба Улсыг байнга дэмжиж ирсэн Монгол Улсын парламентад талархалаа илэрхийлэв. Үргэлжлүүлэн Куба улсад "КОВИД-19" цар тахлын эсрэг вакцинжуулалт амжилттай явагдаж байгааг онцлоод, эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай байгаа энэ үед аялал жуулчлалын салбараа дэмжиж, улсынхаа хилийг нээлттэй байгааг тэмдэглэв.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Куба улс бусад улс оронд халуун гараа сунган тусалдагт талархал илэрхийлэв. Тухайлбал, манай улсын оюутнуудад урт хугацаанд тэтгэлэг олгож боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж байгааг онцлон хэллээ. Цаашид Куба Улсад сурч буй оюутнуудынхаа нийгмийн асуудлаар илүү анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ.


Уулзалтаар талууд улс төр, эдийн засаг, хоёр орны хамтын ажиллагаа, боловсрол, эрүүл мэндийн салбарын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Холбоотой мэдээ