Газар хөдлөлтийг мэдээлэх станцуудыг шинэчилж, аймаг, нийслэлд хариуцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн энэ оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Өнгөрсөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрх зүйн орчныг бүрдүүлж сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, боловсон хүчний бэлэн байдлыг хангаж мэргэшүүлэх үндсэн 4 чиглэлээр нийт 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 47 хувийн биелэлттэй байна.
Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах мэдлэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх чиглэлээр тодорхой ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа хэдий ч төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай бус байна гэж Шадар сайд С.Амарсайхан дүгнэлээ.
ШУА-ийн эрдэмтдийн 2019 онд хийсэн судалгааны үр дүнгээр манай орны нутаг дэвсгэрийн 76 хувь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд оржээ. Өнгөрсөн оны эхний 8 сарын байдлаар их бага хэмжээгээр 39,786 газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ нь урьдчилан мэдээллэх станцуудын хэвийн ажиллагааг эрчимжүүлж, шинэ техник технологийг ашиглаж аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээг бүх түвшинд эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна хэмээн Шадар сайд тодотгов. Иймд БХБ-ын сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулж, салбар хоорондын уялдааг ханган үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт биелэлтийг хангуулах, сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлж зарлан мэдээлэх станцуудыг шинэчилж сайжруулж, нарийвчилсан судалгаа тооцооллыг хийж, газар хөдлөлтийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх журмыг эцэслэн боловсруулж дуусгахыг тэрээр холбогдох албаныханд үүрэг өглөө.
УОК-оос газар хөдлөлтийн мэдээллийг иргэдэд шуурхай дамжуулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн ОБЕГ-ын Шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төвд дамжуулах системийг бүрдүүлж өнгөрсөн 4 дүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлжээ. Энэ хугацаанаас хойш 3,5-аас дээш хүчтэй 58 удаагийн газар хөдлөлтийн мэдээллийг ОБЕГ-т ШУЗМТ-д илгээсэн байна.
Монгол орны хувьд газар хөдлөлтийг бүртгэх станц хоорондын зай 250-300 км байна. Ингэснээр тухайн газар хөдлөлт дараачийн станцад 40-50 секундын дараа бүртгэгдэж байна. Сүүлийн үед хүчтэй газар хөдлөлт нийслэлд мэдрэгдэж байгаа тул олон улсын жишгээр томоохон хот суурин газарт чичирхийллийн хурдатгал бичигч багаж суурилуулан судалгаа хийх шаардлага тулгарчээ. Ялангуяа, Улаанбаатар хотод хурдатгал бичигч багаж байдаггүй. Тиймээс нийслэл хотын сав газарт чичирхийллийг бүртгэх 10 акседдерометрийн станцын тоног төхөөрөмж байгуулах, газар хөдлөлтийн зарлан мэдээлэх станцуудыг шинэчилж, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай байгааг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хэллээ.
Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх 3 станцыг худалдан авах тендерийг зарлаж хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд цаашид аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ байгаа газар хөдлөлтийн станцуудыг хариуцаж хэвийн ажиллагааг хангах үүргийг Шадар сайд өглөө.
МХЕГ-аас энэ оны эхний хагас жилийн байдлаар газар хөдлөлт мэдрэгдсэн 12 аймгийн 960 барилга байгууламжид газар хөдлөлтийн нөлөөлөл ямар байдлаар илэрч байгааг хянахад 570 барилгад эвдрэл гэмтэл, 210 барилгад шинээр эвдрэл үүссэнийг тогтоожээ.
Мөн сургууль цэцэрлэг, эмнэлэгт эрсдэлийн үнэлгээ хийхэд орон нутагт 1834 барилга, нийслэл хотод 7152 барилга байгууламж эрсдэл ихтэй байгаа аж. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд барилга байгууламжийн ашиглалтыг хянаж, бүртгэх паспортжуулах ажлыг эрчимжүүлж байна. Ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжуудын мэдээллийн нэгдсэн сан үүсэх боломжтойг МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал хэллээ.