Морин-Уулын радарын станцид техник технологийн шинэчлэл хийх шаардлагатай байна

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-08-02 09:48:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сай Н.Уртнасан Морин-Уулын радарын станцын үйл ажиллагаатай танилцаж, 20 жил засвар шинэчлэл хийгээгүйг анхааралдаа авч, нөхцөл байдлыг үнэлэн, шаардлагатай урсгал засвар, технологи шинэчлэл хийх талаар санал солилцлоо.


Олон улсын болон орон нутгийн агаарын шугамд нисэх нислэгүүдийг урьдчилсан мэдээгээр хангах, цаг агаарын мэдээ мэдээллийг шуурхай цуглуулж, дамжуулахаас гадна цаг уурын радарын өгөгдөл нь хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбар болоод томоохон хот суурин, аж үйлдвэр, ард иргэдийг аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажилд чухал үүрэгтэйг сайд тэмдэглэв.


Япон Улсын буцалтгүй тусламжаар 1999 онд байгуулагдсан Нисэхийн цаг уурын төвийн Морин-Уулын радарын станцын бүрэн үйлчлэх хүрээ нь 480 км. Үүнээс 180 км үйлчлэх хүрээнд хур тунадасны эрчимжил, 120 километрт салхины орон зайг тодорхойлох хүчин чадалтай. Жилийн туршид тасралтгүй ажиллаж үүл, тунадас, тэдгээртэй холбоотой аюултай үзэгдлийн мэдээллийг боловсруулан Монгол орны төвийн бүсийн нутаг дэвсгэрийг цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажилладаг аж.


Борооны бөөн үүлнээс үүдэх нислэгийн саатал тус станцыг байгуулагдахаас өмнө жилдээ 200-300 орчим гардаг байсан бол урьдчилан мэдээлэл хүлээн авдаг болсноор сааталгүй болжээ.


Морин-Уулын RC-35C доплер станц нь 19 жил ашиглагдаж, технологийн хувьд хуучирч, сэлбэг олдоцгүй болсныг ахлах инженер Х.Энхбаяр танилцуулав. Тэрбээр, тус станцын анхны угсралтаас эхлээд өнөөг хүртэл бүх засвар, үйлчилгээг гардан хариуцаж иржээ.


"Энэ хугацаанд аж ахуй болон иргэдийг үер усны аюулаас сэрэмжлүүлэх, мэдээллийг шуурхай дамжуулан ажиллаж байна. Тухайлбал 2014 оны Биокомбинатад болсон үерийн мэдээллийг урьдчилан мэдээлснээр онц их аюул учрахаас сэргийлсэн. Станц энэ мэт чухал үүрэгтэй тул дэлхийн улс орнууд нутаг дэвсгэрээ цаг уурын радарын ажиглалтад бүрэн хамруулаад байгаа"-г Х.Энхбаяр онцлов

Холбоотой мэдээ