ЮНИСЕФ: 2030 он гэхэд 69 сая хүүхэд хорвоог орхиж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-28 19:33:24

НҮБ. /PrensaLatina/. Хөгжиж буй улсуудыг дэмжих арга хэмжээг эрчимжүүлэхгүй бол 2030 он гэхэд 5-аас доош насны 69 сая хүүхэд нас барж болзошгүй гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ анхаарууллаа.

ЮНИСЕФ өнөөдөр “Дэлхийн хүүхдийн байдал” жил тутмын тайлангаа гаргажээ.

Уг тайланд “Өрөвдөлтэй нөхцөл байдалд байгаа ядуу хүүхдүүдэд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулахгүй бол урьдчилан сэргийлэх боломжтой шалтгаанууд, тухайлбал халдварт өвчин, зөрчил мөргөлдөөн болон дэлхийн дулаарлын сөрөг үр дагавар зэргийн улмаас 69 сая хүүхэд нас барна” гэжээ.

Мөн уг тайланд бичсэнээр, Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудын 5-аас доош насны хүүхдүүд нас барах эрсдэлтэй хүүхдүүдийн 50 хувийг эзлэх аж.

Нөхцөл байдал энэ маягаар байвал 2030 он гэхэд тус бүс нутгийн 10 хүүхэд тутмын нэг нь үгээгүй ядуу амьдрах төлөвтэй байна.
Мөн 60 сая хүүхэд сургууль завсардах төлөвтэй байгаагийн талаас илүү хувь нь Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудын хүүхдүүд байх төлөвтэй байна гэж ЮНИСЕФ урьдчилан таамаглаж байна.

ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал Энтони Лейк “дэлхийд тэгш бус байдал илүү газар авч, баян ядуугийн ялгаа тэлсээр байна” гээд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн төлөө илүү хүчин чармайлт гаргахыг улс орнуудад уриаллаа.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ