Израил нефть тээвэрлэгчийн халдлагад Ираныг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-07-31 17:04:23

ЙЕРУСАЛИМ. /BBC/. Израил хөлгийн багийн хоёр гишүүний аминд хүрсэн нефть тээвэрлэгч усан онгоцны халдлагад Ираныг буруутгажээ. Уг халдлагын улмаас Их Британи, Румыны иргэд амиа алдсан юм.


Лондон хотод төвтэй “Zodiac Maritime” компани үйл ажиллагааг нь хариуцдаг “MV Mercer Street” усан онгоц пүрэв гарагт халдлагад өртөхдөө Арабын тэнгис дэх Оманы эргээс хөдлөөд байжээ.


Израилын хөлөг онгоцны магнат Эял Оферын “Zodiac Maritime” компанийн хувьд болсон хэрэг явдлыг тодруулахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн байна.


Гэвч Израилын Гадаад хэргийн сайд Яир Лапид халдлагад “Ираны терроризмыг” буруутгаж буйгаа баасан гарагт илэрхийлжээ.



“Иран бол зөвхөн Израилын асуудал биш. Дэлхий дахин энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй” гэж Я.Лапидын гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


Гэсэн хэдий ч Либерийн далбаатай, Япон эзэмшигчтэй нефть тээвэрлэгчид болсон халдлагын талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй хэвээр байна. Иран улсын хувьд, Я.Лапидын хэлсэн үгтэй холбогдуулан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.


Мөн энэ явдал бүс нутгийн хурцадмал байдлыг даамжруулж болзошгүй байгаа бөгөөд халдлагыг дроноор үйлдсэн гэх мэдээлэл ч мөн гараад байгаа юм.


“Бид нөхцөл байдлыг нэн даруй тодруулахыг хичээж байна. Оманы эргээс хөдөлсөн нефть тээвэрлэгчид болсон явдлын улмаас амиа алдсан Их Британийн иргэний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлье” гэж  Их Британийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Мөн “Zodiac Maritime” компаниас баасан гарагт, хөлгийн багийн хоёр гишүүн амиа алдсан явдалд туйлын их харамсаж буйгаа илэрхийлээд, өөр хүн шархдаагүй гэж мэдээлснийг уламжилсан байна. 

Холбоотой мэдээ