Б.Батцэцэг: Унгар улс Монголын залуучуудын боловсролд том хөрөнгө оруулалт хийж байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-07-29 13:07:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто манай улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр ГХЯ-нд угтан хүлээн авч уулзлаа. Уулзалт хэлэлцээрийн дараагаар айлчлалын хүрээнд Унгар Улсын Засгийн газраас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар илгээж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмж, амьсгалын аппарат хүлээлгэн өгөх ёслол ГХЯ-нд болов. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ёслолын үеэр хэлэхдээ, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто манай улсад ажлын айлчлал хийж, эрхэмсэг ноён сайд Монгол Улсад 5 удаагаа айлчлан зочилж буй нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм гэдгийг онцоллоо. Тэрээр, "Дэлхий даяар тархаад буй КОВИД-19 цар тахлыг даван туулахад манай хоёр орны хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг маш чухал энэ үед манай улсад нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг анд нөхрийн ёсоор, чинь сэтгэлийн дэмжлэг болгон үзүүлж байна" гээд Унгар Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийллээ. 



Б.Батцэцэг: Унгар Улстай соёл, боловсрол, кино урлаг, археологийн чиглэлээр хамтран ажиллаж байна.





Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цааш нь хэлэхдээ, "Бид өнөөдрийн уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар санал солилцлоо. Мөн хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр талын хувийн хэвшлийн салбар хооронд холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж, соёл, кино урлаг болон археологийн чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа" гэв. 

Боловсролын салбар нь манай хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэмдэглээд, Унгар Улсын Засгийн газар жил бүр манай улсаас 200 оюутныг тэтгэлгээр сургаж, Монголын залуучуудын боловсролд том хөрөнгө оруулалт хийж буйг тодотгов. 


Хоёр орны хоорондох хамтын ажиллагаа, худалдаа 19 хувиар нэмэгдсэнийг ноён сайд Петер Сияяарто тодотголоо. 



Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто хэлэхдээ, "Хоёр талын хамтын ажиллагаа, харилцааг гүнээ хүндэтгэж байна. Манай хоёр улс нэг нэгнээсээ нилээн хол байршдаг ч гэсэн хоёр улсын хоорондох хамтын ажиллагаа, гадаад худалдаа маш сайн явагдаж буйд их баяртай байна. Европын холбооноос Монгол Улсад суугаа Европын 6 орны нэг нь Унгар Улсын ЭСЯ хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж бэхжүүлэхэд үр дүнтэй ажиллаж байгаа юм. Манай улсын ЭКСИМ банк хоёр улсын хоорондын ААН, компаниуд, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжин 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлж байна. Хоёр улсын ААН-үүдийн хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт санхүүжилт болгон Унгарын ЭКСИМ банкнаас зээлийн шугам нээгээд буйг мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд энэ оны 8 дугаар сард цахим уулзалт зохион байгуулахаар болоод байна. 

Унгар Улс Монголд 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар малын вакцины үйлдвэр "Биокомбинат"-ыг шинэчилэн барьж байна. Өнөөдрийн байдлаар тус улсад Монгол Улсын нийт 500 оюутан тэтгэлгээр суралцаж буй"-г тэрээр онцлон тэмдэглэж, хэдий цар тахалтай байгаа жилүүд байгаа ч хоёр орны хоорондох хамтын ажиллагаа, худалдаа 19 хувиар нэмэгдсэнийг тодотголоо. 

Тэрээр, Унгар Улсын Засгийн газраас Монгол Улсад цар тахлын эсрэг үйл ажиллагааг дэмжин эрүүл мэндийн шаардлагатай тоног төхөөрөмж болох амьсгалын аппарат 33-ыг нийлүүлэн хандивлаж буйг тодотгон Монгол Улсын талд хүлээлгэн өгөв. Эдгээрийн 3-ыг төв эмнэлгүүдэд 9-ыг Улаанбаатар хот, 21-ыг 21 аймаг, орон нутагт хуваарилаад буйг дуулгалаа. Тэрээр Монгол Улс хүн амаа вакцинд бүрэн хамруулж, энэ талын хувь өндөр байгааг сайшааж байв. 




Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто өнөөдөр айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нартай уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцох юм. 

Гэрэл зургийг Н.Батбаяр



Холбоотой мэдээ