Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг нэгтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-07-28 18:14:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 140 гаруй орны залуучууд эх дэлхийн төлөө, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх гэж байна. Тодруулбал, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Залуучуудын XXVI бага хурал Шотландын Глазго хотод энэ оны 10 дугаар сарын 28-31-нд болох гэж байна. 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг нэгтгэх уг хурлаас гаргасан шийдвэр, санаачилгыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын XXVI бага хуралд өргөн барих юм. Энэ үүднээс хурлыг зохион байгуулагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар дуу хоолойгоо илэрхийлэх 17-35 насны залуусыг ukcoy16.org сайтаар бүртгэж эхэлжээ. Мөн энэ асуудалд анхаарал хандуулдаг, үйл ажиллагаагаа чиглүүлдэг иргэний нийгмийн байгууллагуудыг байр суурь, шийдлийн талаарх саналаа боловсруулж, илгээхийг уриалав.




Ташрамд мэдээлэхэд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хурал мөн ирэх 11 дүгээр сард Шотландын Глазго хотод болно. Үүний өмнө 51 улсын уур амьсгалын асуудал хариуцсан сайд, мэргэжилтэн тус хотод чуулж байна. Цар тахал дэгдсэнээс хойш анх удаа нүүр тулан уулзаж буй ч зарим төлөөлөгч цахимаар оролцох болжээ. 

Уулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлтийн уршиг, энэ үйл явцад зохицох арга хэмжээг идэвхжүүлэх, тулгамдсан асуудалтай тэмцэхэд үзүүлэх олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах дүрэм журмыг хэлэлцэж байна. 

Р.Батхишиг


Холбоотой мэдээ