Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна

Монголын мэдээ | Боловсрол
oyundelger@montsame.gov.mn
2021-07-28 15:11:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон албаны хүмүүс Баянгол дүүргийн 20, Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа.


Нийслэлд хөрөнгө оруулалт, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал, бусад шалтгааны улмаас сургууль, цэцэрлэгийн 14 барилгын ажил зогсонги байдалд байна. Иймд эдгээр барилгыг түргэн хугацаанд ашиглалтад оруулахыг Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох байгууллагуудад анхааруулав.


Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн хүчин чадалтай 34 дүгээр цэцэрлэгийн барилга 2018 онд баригдаж, барилгын ажил 96 хувьтай байгаа ч ашиглалтад ороогүй байна. Учир нь барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Бизнес фокус” ХХК төсвөөс давсан санхүүжилт хэрэгтэй гэсэн тайлбар өгчээ. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 500 гаруй хүүхэд байдаг ч өмнөх жилүүдэд 47 дугаар цэцэрлэгт хамрагджээ. 34 дүгээр цэцэрлэгийн тоглоомын талбай, автомашины зогсоол зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэйг цэцэрлэгийн эрхлэгч Л.Батхуяг танилцуулжээ.




Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах 54 дүгээр цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг 2017 онд барьж эхэлсэн ч ажил нь 90 хувьд хүрээд зогсжээ. 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Тералинк” ХХК ажилласан ч ө үйл ажиллагаа нь зогсоход хүрчээ. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 250 хүүхэд харьяалагддаг. 1984 онд ашиглалтад орсон 54 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 24 цагийн хоёр бүлэг нээгдэх боломжтой аж. Мөн цэцэрлэгийн хашаанд байгаа тоосгон 30 гараашийг буулгахгүй бол хүүхэд гэмтэх нөхцөл үүсээд байгааг цэцэрлэгийн эрхлэгч Х.Тэгшзаяа тайлбарлав.


Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах тавдугаар сургуулийн барилгын өргөтгөлийг “ПГС” ХХК барьж, ажлын явц 85 хувьтай байна. Тус сургууль 3300 гаруй сурагчтай бөгөөд өргөтгөл ашиглалтад ороогүй учир III, IV ангийн зургаан бүлгийн 320 хүүхэд Хөдөлмөрийн дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэх болоод байгаа. 540 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад оруулахаас гадна сургуулийн орчмын туслах замыг нээх шаардлагатайг тус сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн ярьсан байна.

Учир нь хичээл эхлэхэд тус сургуулийн гурван автобус автобус зогсох талбайгүй болжээ. НМХГ-аас 1957 онд ашиглалтад орсон сургуулийн үндсэн барилгад үйл ажиллагаа явуулахыг зогсоох дүгнэлтийг 2019 онд гаргажээ. 

Холбоотой мэдээ