ДУРСАМЖААС ЭХЛЭХ НУТАГ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-07-22 21:09:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  


|тэмдэглэл|


***

Зарим үед гараа өргөж, хөлөө зөөж чадах тэнхэлгүй болтол тамирдан сульдаж, цөхөрсөн байх нь бий. Тийм мөчүүдэд бие тавгүйтэхээс илүүтэйгээр сэтгэлд торж үлдсэн бяцхан сорви сэдэрч, санаа сэтгэлийг хэвийн байдалд юу ч эргүүлэн авчирч хүчрэхгүйд хүрдэг. Тэгээд л хархан багаас эрвээхэй хөөж гүйсэн голын нуга, ээжийгээ хормойдож өнжсөн намхан сүүдэртэй толгод, үеийн нөхөдтэй чулуу эрэн өдөржин тонголзож асан хуурай голын сайр, цайдмаас шаагих борооны чимээ, цайруу усархаг өнгөөр таталсан хөндийн тэртээ салхи уруудан зогсох адуун сүрэг, тэнгэр цуулан татах өнгийн солонго барих гэж гүйсэн дурсамж, зураглалууд нүдний өмнө тодорч ирээд болдоггүй юм. Ээжийгээ хачин ихээр санаж, нутгаа зорих адгуу хүсэл нэг газарт тогтож суулгахгүй дотроос хэмэлж зовооно. Ийнхүү унасан газар, ургуулсан хүмүүс дээрээ явж очсон хойно сэтгэлд гэнэтхэн л хачин их гуниг төрөх нь бий. Хацар дээрээ үнсүүлэх ээж минь инээмсэглэн угтавч ханхайж суух аав минь үгүйн учир л хаа нэгтээгээс гуниг шүүрдээд байдаг биз ээ. 


Бага байхад хичээлийн завсар чөлөө гарав уу үгүй юу гэр өөдөө яаран тэмүүлдэг байлаа. Аавынхаа уяа морины ажилд туслах, морь унаж давхих, унага уургалах гэсэн адгуу хүслээ цагдаж чаддаггүй байв. Харин 2015 онд аавынхаа хөрсөн хацрыг Хавдар судлалын үндэсний төвийн моргт үнсчихээд гарсан тэр орой л тэмүүлж үгүйлдэг замаа нулимстай туулж билээ. Түүнээс хойш л төрсөн усандаа очихоос дандаа эмээдэг болчихсон юм. Ямар ч толбогүй шинэхэн цагаан даавууны дээд хэсгийг сувилагч доошлуулахад аав минь их л амгалан нойрсож байх шиг санагдсан. Хацарт нь нүүрээ наачихаад салж өгөхгүй суусан намайг ээжийн том эгчийн хүү Жоохноо ах минь сугадаж өндийлгөсөн санагдана. Бодвол эгч нар “Дүүгээ холдуулсан дээр байх” гэсэн болов уу.


Наадам болгоноор нутагтаа очиж ээжийн урласан шинэ дээлээр гангарна. Гэвч сүүлд амралтаараа эх орны баруун хязгаараар аялалд гарсан учир тийм боломжийг амьдралынхаа хоёр жилээс хасаж орхижээ. Нэг л их урт хугацааны дараа “жинхэнэ гэртээ” харьж байх шиг мэдрэмж замын турш салж өгөхгүй нь мэдээж. Унасан газар, угаасан усаа зорьж явахад хэдэн өдөр үргэлжилсэн борооны дараа бүүдгэр тэнгэр аль нэг захаасаа гэгээ татуулж онгойх шиг болох авч гийж туяарсан зайцаар нь эргээд л гуниг төрнө. Хүн бүрийн дотор дурсамжийн сайхнаас нь үлдсэн хөндүүр оршдогтой адил.


Өнгөрсөн өвлийн сүүл саруудаас хойш хөл хорионд байсан хүмүүс энэ зун хөдөө орон нутгийг зорих нь ихэсжээ. Тиймээс ч хотоос гарах замын түгжрэл их байгаа тухай мэдээ мэдээлэл, зургууд байсхийгээд л цахим орчинд тавигдана. Үер усны аюул, хурд хэтрүүлэх, автомашины бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүссэн осол эндэл, хүүхэд төөрсөн гэх мэдээнүүд ч хөвөрнө. Цөөхөн хэдэн монголчууд минь яасан ч их энддэг юм бэ дээ хэмээн бодлоо. Өөрөө ч тэдний нэг учраас, ургуулж өсгөсөн ээждээ очих гэж яваа хүү нь болохоор холын замд болгоомжтой явахыг чухалчилна. Ингээд өөрийн үеэл дүү болох Б.Ууганпүрэвийн хамт машиндаа хоёр хүний бүрэлдэхүүнтэй нутгаа зорих боллоо. Өдөр нь ажлаа амжуулж шинэхэн нийтлэл ч цахим сайтдаа оруулаад амжив. Түгжрэлгүй цагийг тооцоолж байгаад шөнийн 01 цагийн үед хотоос гарах зарлигийг замд ханьсч явахаар болсон ах Б.Мөнхбаатараас хүлээн авлаа. Ах маань энэ жил миний мэдэхээр лав гурав дахь удаагаа нутаг руугаа явж буй нь энэ. Тэдний машинд эхнэр нь болох Г.Бямбачулуун, том эгчийнх нь хүү М.Энхтулга нар сууж явна. Ямартаа ч бид бүгд хууль дүрмээ баримталж цөөхөн хүнтэй зорчиж байгаа нь тэр юм.


***




Хоёр дахь өдрийн шөнө Хэнтий аймгийн Батноров суманд ирэв. Өдгөө энэ тал газраар нүдээ аниад гүйсэн ч төөрөхгүй болтлоо олон удаа явсан байтал зам хаашаа хэрхэн салдаг, аль нь дэржигнүүр, донсолгоо багатайг нь бараг мартах шахжээ. Азаар жолоо барьж яваа дүү маань осолдохгүй мэдэх учир төөрч будилсангүй. Хөхүүрийн цэнхэр талын хоймор болсон зосон улаан хашаа, Соёлын клуб, сургуулийн байр, найман айлын орон сууцнаас өөр том барилгагүй асан сумын төв өдгөө бол шөний харанхуйд цэлийсэн гэрэлтэй угтах болжээ. Суурин иргэншлийн соёл, хөгжил цэцэглэлтийн гэгээ сумыг минь тойролгүй гарсны гэрч нь тэр. Анх би сумын төвийг үзэхээр гэрийнхэнтэйгээ хамт морьтой давхиулж хүрсэн гэдэг. Ихэнхдээ замын талд нь ч хүрээгүй явж байхдаа нойрмоглож эхлэх бөгөөд аав минь дээлээ хөөргөн бүсэлж намайг өвөртлөөд нэг л мэдэхэд сумын төвд ирчихсэн байдаг байв. Сэрсэн хойноо сумын төвийн захиргааны хойно байрлах “Лхамаагийн ногоон дэлгүүр” орж аав, ээждээ эрхэлж байгаад л өвөр дүүрэн амттантай гарч ирдэгсэн. Өөр би ямар ажил хийж гийгүүлэхэв дээ. Тэгээд л нар унахаас урьтаж гэрийн зүг хөдөлнө. Бас л нойрмоглосоор аавын өвөр лүү шилжиж, нэг л мэдэхэд тооноор нар хөллөн орж ирээд үнээн зэлэн дээр ээж үхэр өөвлөх дуунаар сэрдэгсэн.


Ээж минь урьдын зангаараа гэрээ цэмцийтэл цэвэрлэчихсэн сууна. Угаас манайх хөглөрч үзээгүй айл л даа. Аав минь ч бас их нямбай, эдэлж хэрэглэж буй юм бүхнээ цэгцтэй байлгадагсан. Хэдийн орой болсон ч ээж тогоо дүүрэн мах хөшиглөчихсөн хоол хийхээр зэхэж байна. “Аймагт өнжихөөр болсон гэж бодсон юм. Нааш хөдөлсөн гэдгийг нь түрүүхэн дууллаа. Гарахдаа хэлэхгүй, хүүгээ хоолтой угтаж чадсангүй” гээд л туньж байна. “Бид хэд аймагт ахынд баахан л дайлуулж ирлээ. Маргааш болъё доо” гэсээр унтахаар хэвтэв. Харин ээж оёдлын машин, торго даавууны өөдөс, шинэхэн эсгэсэн хүрэм зэрэг тавиастай ажлын ширээгээ холдуулж ор засахаар зэхлээ. Бас болоогүй дүүдээ шинэхэн оёдлын машин худалдаж авсныг нь бид хотоос авч очсон юм. Хамгийн түрүүнд үүнийгээ л харахаар боодлыг задлав. Би ч бас хэн нэгний үүргэвчнээс шинэхэн ном л гарч ирэхийг хүлээдэг байсан багын зангаа тэрхэн мөчид нэхэн санав.


Маргааш нь Батноров сумын 3 дугаар бригадын нутагт ирлээ. Аав, ээж минь энд гал голомтоо бадраан айл гэр болж, алиахан хоёр үрээ талын уудам орон зайд тэнүүн сэтгэлтэй хүмүүс болгож өсгөсөн билээ. Өдгөө эгч бид эрдэм номын мөр хөөн орон хотыг зорьж, ээж сумын төвд суурьшин оёдолчны мэргэжлээр ажиллах болсон ч зуслангийн минь газарт хүн малын хөл татраагүй хэвээр. Учир нь ээжийн дүүгийн нөхөр болох Х.Сумъяа ах гэр бүлийн хамт хөдөө гарч, энэ л сайхан тал нутагт суурьшин эрдэнэт сүргээ өсгөх болоод нэлээд олон жилийг үдэж буй. Хааяа нэг болохгүй зүйлд хатуухан хэдэн үг хэлнэ үү гэхээс ямар ч үед инээгээд л сууж байдаг нэгэн. Тэр зан нь одоо ч хэвээрээ.


Очсон даруйдаа л шинэ нутагт буухыг шаардаж нүүдэл хийхээр болов. Ах, эгч хоёр “За тэгье” л гэж байна. Өнөөдөртөө багтаж жижиг гэрийг нүүлгэчихээд, маргааш нь том гэрийнхээ буурийг сэлгэхээр боллоо. Би цүнхээ уудалж аавынхаа хуучин цэнхэр тэрлэг, шар дурдан бүсийг гаргаж ирлээ. Сумын төвөөс нааш хөдлөхөд ээж минь аавын хуучин дээлийг гаргаж өгсөн юм. Аав энэ л тэрлэгтэй уяаныхаа хойно гарч юуг ч юм бодон их л удаан суудагсан. Бодолд нь энэ зуны наадам, хүлгүүдийн уяа сойлго л эргэлдэж байгаа биз гэж санана. Гэтэл нэг удаа хүүгээ дуудсанаа “Миний хүү том болжээ. Эрдэм номдоо ч гайгүй бололтой. Ах эгч нар нь их л магтаж байна. Тиймээс хот явж сурсан дээр болов уу. Гэхдээ ааваасаа хойш энэ хэдэн адуу малыг уяж сойх арга ухаан дутвал сайхан өсгөөд авна биз” гэж хэлээд санаа алдав. “Та чинь одоо гэнэт л үхэл хагацал ярих нь үү дээ. Хотод мэргэжил эзэмшсэн ч хөдөө гарч болохгүй гэсэн үг байхгүй биз дээ” гээд л сөргөж байв даа. Өдгөө яг хэлснээр нь болчихож. Аж төрөхүй минь бүрнээ өөрчлөгдөж, суурин иргэншилд дасаад хүсэл мөрөөдөл минь уулын мухар замаас нэгэнт гарчээ. Харин унасан нутаг, уурга даялсан аавынхаа дүрийг мартсан удаагүй.


Хоёр хоногийн нүүдлийн үеэр үе үе ширүүн бороо оров. Эртлэн боссоны ачаар үд болохоос өмнө ажлаа амжуулж дууслаа. Шинэхэн нутагт буучихаад шинэ цай уухын сайхан нь зөвхөн энэ тал газар л тохиодог ховорхон агшны нэг болов уу. Эргэн тойрон шувуу жиргэж, борооны дараах солонго урд хөндийд өнгийн гүүр болон нумарч, өвсний үнэр хамар цоргин, зөөлөн салхи үлээгээд л... Ёстой л “Санасан чинээ санасангүй явжээ, нутгаа”...


***




Аавынхаа хээр морийг унаж зуслангийн хойд дэнж дээр гарав. Хоёр зогссон адуу бэлчээрт гарахаар яарна. Дүүгийн хамт адуугаа хумьж бөөгнүүлээд хаваржааны нутагт тууж хүрлээ. Адуу минь сайхан өсжээ. Дүү С.Ууганпүрэв маань “Энэ таны тэр гүүний унага, энэ ийм угшилтай адуу” гээд л ярьж явна. Хүн ер нь аав, ээжийнхээ өвлүүлж үлдээснийг аль сайхнаар санан дурсаж, тэрлэг дээлийг нь хүртэл сүүний үнэртэй нь хадгалж явдаг шүү дээ. Тиймээс л морь малаас илүүтэй номд дурласан ч умарталгүй байхыг хичээдэг юм.


Нэгэн зун наадмын өмнөхөн аав бид хоёр хоёулханаа гэрт үлдэж билээ. Ээж, эгч хоёр ойр зуурын юмс цуглуулахаар аймгийн төв зорьсон юм. Өглөө аавыг сэрэхээс урьтаж адуугаа хурааж услачихаад гэрийн гадаа тууж ирнэ. Тэгэх бүрийд аав минь хэдийн босчихсон уяа морьдын хазаараа бариад уяаныхаа тэнд хүлээж зогсдогсон. “Миний хүү ч том болж дээ, ааваасаа түрүүлж босоод байх юм” гээд инээмсэглэнэ. Дараа нь гэртээ ороход өглөөний цайгаа хүртэл чаначихсан байна. Ээжийн хайрсан боорцог, аавын чанасан цай хоёр их сайхан хосолно. Тэр өдрүүдийн нэгэнд эрлийн хоёр морио олчихоод ирэхэд аав саахалтын ахтай нэрмэл уугаад жаахан халамцчихаж. Оронгуут л нөгөө хүндээ намайг их л магтаж байна. “Ах нь ганц хүүтэй. Хүү минь намайг их ч баярлуулж, олон айраг түрүү амсуулсан даа” гээд л... Тэгсгээд унтахын өмнө том болчихсон хүүгээ өвөр дээрээ суулгаад “Аав нь хүүдээ хэдэн үг хэлмээр байна” гэж билээ. Олон юм яриад байдаггүй болохоор нь “Та одоо ууж уучихаад юу ярих гээд байгаа юм бэ? Өглөө босно, унтмаар байна” гэж уцаарлангуй хэлээд орхичихов. Өглөө нь адуугаа хураагаад ирэхэд аав нэг ч үг дуугарсангүй. Гэхдээ инээмсэглэсэн хэвээр л угтав. Маргааш орой нь ээж, эгч хоёр ирсэн. Тэр орой ээжид тугал татаж өгөх үест “Миний хүү аавыгаа гомдоогоо юу даа” гэж билээ.


Үнэрлүүлэхэд сахал нь хатгаж, үг нь зүрхэнд тусдаг аавтай байхын сайхныг даанч хожим ойлгосон доо.


Нэг л өглөө аавын удаахь дүүгийн охин Б.Хонгорзул эгч минь намайг сэрээж “Дүү минь босоорой, хоёулаа яаралтай Халдварт орохгүй бол болохгүй нь... Аав нь бурхан болжээ” гэсэнсэн. Хэзээ ч сонсохыг хүсээгүй тэр гурван үг хагацахын гашууныг шуудхан л цээж рүү түлхээд оруулчихсан. Нулимс сул асгараад л тогтож өгөхгүй байлаа. Явах замдаа машинд сайн уйлаад авчихъя, очоод ээжийн дэргэд л уйлж болохгүй гэж өөртөө захиж явав. Хонгороо эгч рүү хараад “Та миний эгчид хэлсэн үү” гэлээ. Тэгэхэд дуугүйхэн цонхоор ширтэж явсан чигээрээ “Эгч нь мэдсэн байхаа” гэж аяархан хэлж билээ. Хацрыг нь дагаад нулимс урсчээ... Тэгэхэд л би аавынхаа чин сэтгэлийн үгсийг нь сонсох тэр нэгэн зуны шөнө уцаарлаж орхисондоо дэндүү их харамссан. Гадаа дахиад л бороо орж байна. Морио уяад гэртээ ортол ээж, эгч хоол унд болж, ах нар “За морь унаад сайхан байв уу. Тэр хүрэн гүүг уургалж байгааг нь ээ, аргагүй адуучин аавын хүү дээ” гээд л ярьж гарав.


Өглөө нь худаг дээр адуу мал усалж, хашаа хороо барьж, дүү нартай тоглож, ганцаараа хааяахан уулын энгэрээр алхаж дурсамж хөвүүлсээр явтал наадмын цөөхөн хоног дуусаж буцахаар болжээ. Нутагтаа ирж аавыгаа дурслаа. Тэгэхдээ энэ нутгийн үүлс, өвс, үлээж байгаа салхи, шивэрч буй бороонд та минь хувилж нуугдаагүй мэт санагдана. Зөвхөн аавтайгаа үлдээсэн дурсамжууд л цэцэгс алагласан зуны энэ тал шиг өнгөлөг хэвээрээ оршсоор байгаад итгэж билээ. Тал нутаг л эдгээр дурсамжуудыг үүлэнд хувилгаж, өвстэй хамт өндийлгөж хүүгээ гэх таны минь сэтгэл шиг халуун дотноор тэврэн үнсэж байгаа даа.



Холбоотой мэдээ