Канадын зах зээлд Монгол ноолуурыг сурталчилж, хамтран ажиллах талаар ярилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канадын зах зээлд Монгол ноолууран бүтээгдэхүүн, “Хаан ширхэгт” тохирлын тэмдгийн маркетинг сурталчилгаа хийх талаар Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд Монголын ноос, ноолуурын салбарынхантай уулзаж санал солилцов.
Уулзалтад
Монголын ноос, ноолуурын холбоо, “Говь”, “Кашмир Холдинг”, “Гоёл Кашмир”, “Говь-Эрдэнэ”, “Нанс Кашмир”
компанийн төлөөлөл оролцсон юм. Тэд Монгол
ноолуурыг сурталчлах, бүтээгдэхүүний чанарыг таниулахын тулд Канадад зохиогддог
олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн яармагт салбарын компаниудыг тогтмол
оролцуулах, ЭСЯ-нд ноолууран
бүтээгдэхүүний үзэсгэлэнг байнга ажиллуулах,
компаниуд өөрийн брэндийн ноолууран бэлэг дурсгалыг ЭСЯ-аар дамжуулан Канадын
ажил хэрэгч хүмүүс, бизнесменүүдэд сурталчлах талаар ярилцлаа.
Түүнчлэн, Канадын
хэрэглэгчдэд зориулсан Монгол ноолуурын тухай видео контент бүтээх, Монголын “Хаан ширхэгт” тохирлын тэмдэг бүхий ноос, ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулах талаар ярилцаж, ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор тохиролцжээ.