Сэтгүүлчдийн байгууллагаас баярын мэнд дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Мэндчилгээнд, Монгол Улс, монголчуудын сүүлийн 100 жил бол үсрэнгүй дэвшил, үндэстний соёл, боловсрол, дэлхий дахинтай хөл нийлэн алхсан хөгжлийн түүх билээ. Тэр дундаа сэтгүүл зүйн хөгжилд тод мөрийг эхлүүлж, дэлхий дахины мэдээг Монголдоо, Монголын мэдээг дэлхий дахинд өртөөлсөөр өнөөг хүрсэн анхны мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.
Энэхүү зуун жилд улс үндэстнээрээ бичиг үсэгт тайлагдан өдөр тутмын үйл явдлыг сонин мэдээнээс уншдаг болж, үндэсний хэвлэл, сэтгүүл зүй өнгө төрхөө олон хөгжсөн нь улс орны хувьд хөгжил дэвшил байлаа.
Монголын сэтгүүл зүйн хөгжлийн үе шат бүрт үлгэрлэн түүчээлж, үнэ хүндтэй үүргийг гүйцэтгэсээр ирсэн МОНЦАМЭ агентлагийн үе үеийн удирдлага, хамт олон, сэтгүүлч, орчуулагч, анд найз нөхөд, ахмадууддаа ойн баярын мэндийг дэвшүүлье! Шинэ 100 жилд нь амжилт хүсье! МСНЭ-ийн Удирдах зөвлөл, Ажлын алба гэсэн байна.