БНАСАУ Токиогийн Олимпын газрын зургийг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-07-18 16:24:46

ТОКИО. /Kyodo/. БНАСАУ Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хорооны цахим хуудсанд нийтлэгдсэн газрын зургийг бямба гарагт шүүмжилжээ. Энэхүү зурагт БНСУ-ын хяналтад байдаг бүлэг арлуудыг Японы нутаг дэвсгэрийн хэсэг хэмээн дүрсэлсэн юм.


Япон улс Япон тэнгис дэх арлуудыг Шиманэ мужийнхаа нэгээхэн хэсэг хэмээн үздэг боловч БНСУ уг арлуудад 1950-иад оноос хойш идэвхтэй хяналт тогтоож, тэдгээрийг өөрийн улсын харьяа хэсэг гэж мэдэгдсээр иржээ. Эдгээр арлыг Японд Такэшима, БНСУ-д Токто хэмээн нэрлэдэг.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн нийтэлсэн мэдэгдэлд, “БНАСАУ-ын Олимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч уг газрын зургийг Японы “нутаг дэвсгэртэй холбоотой хүсэл зорилго”, “Солонгос үндэстний бүрэн эрхт байдлыг зөрчсөн тэвчишгүй өдөөн хатгалгыг” хэрэгжүүлэхэд чиглэсэн үйлдэл гэж үзсэн” хэмээн дурджээ.


Ийнхүү БНАСАУ “Токио-2020” Олимпын галт бамбарын буухианы чиглэлийг дүрсэлсэн газрын зургийг засаж залруулахыг Японд уриалсан байна. Энэ оны дөрөвдүгээр сард Пёньян ирэх баасан гарагт эхлэх энэ зуны Олимпод улсынхаа баг тамирчдыг илгээхгүй гэдгээ мэдэгдсэн юм.


БНСУ ч мөн газрын зургийг залруулахыг Японы талд уриалсан боловч тэдгээр арлыг нутаг дэвсгэрийнхээ салшгүй хэсэг хэмээн үздэг Токио газрын зургийн талаарх Сөүлийн эсэргүүцэлд хариу өгөхгүй гэдгээ илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ