Аймаг, нийслэл хооронд зорчих хүсэлтэй иргэд 70584647.mn цахим системд мэдээллээ илгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-08 19:55:30

Дорнод /МОНЦАМЭ/. УОК-оос наадмын амралтын ес хоногийн хугацаанд аймаг, хот, сум хооронд чөлөөтэй зорчиж, агаар салхинд гарч аялахыг зөвшөөрсөн юм. Энэхүү шийдвэртэй холбогдуулан АОК-оос хэрхэн зохицуулалт хийж байгаа талаар аймгийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Г.Нармандахаас тодрууллаа.

 

-Нийслэл болон бусад халдвартай бүс нутгаас Дорнод руу зорчих, аялах иргэдийг долоо хоног тусгаарлахаар зохицуулсан гэв үү?

-Нийслэл, бусад аймгаас Дорнод аймагт ирэх, буцах болон аймгийн төвөөс сум, сумаас сум хооронд зорчих хүсэлтэй иргэд, тээврийн хэрэгслийг 2021 оны 7-р сарын 8-ны 17.00 цагаас 7-р сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хяналттайгаар нэвтрүүлнэ. Ингэхдээ аялагчдыг аймгийн төв, сумын төвд хүнс, шатахуун, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээ засварлуулах тохиолдолд л нэвтүүлэхээр зохицуулалт хийсэн. Үүнээс бусад тохиолдолд нэвтэрсэн бол тухайн суурин газарт долоо хоног тусгаарлаж, зургаа дахь хоногтоо шинжилгээ өгөөд буцаж гарах боломжтой болно гэсэн үг. Дээрх долоо хоногийн хугацаанд тухайн суурин газраас гарахыг хориглоно.

-Агаар салхинд гарахаар ирж байгаа хүмүүс Буйр нуурыг зорьдог. Энэ чиглэлийн хөдөлгөөнийг хянах боломжтой юу?

-Буйр нуурын чиглэлд аймгаас эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас нэмэлт хүн, хүч томилон ажиллуулна. Ер нь вакцинжуулалтад хамрагдаагүй жирэмсэн эхчүүдийг аль болох алслагдмал хөдөө орон нутагт зорчихгүй байхыг зөвлөж байгаа.

-Аймаг, нийслэл хооронд зорчих хүсэлтэй иргэд хаана хандаж нэвтрэх вэ?

-Нийслэл болон бусад аймаг хооронд зорчих хүсэлтэй иргэд аймгийн Шуурхай штабын 70584647.mn цахим системд вакцины болон шинжилгээний мэдээлэл, асуумж, холбогдох мэдээллээ илгээнэ. Тус цахим системд бүртгүүлсэн тохиолдолд системд автоматоор зөвшөөрөх тохиргоо хийгдэнэ. Хөлөнбуйр болон аймгийн төвөөс гарах, орох, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид зорчигч, жолооч нартай ойрын зайнаас шууд харилцаанд орохгүйгээр дээрх цахим системээр вакцины болон асуумжийн мэдээллийг хянан шууд нэвтрүүлэх юм. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд түргэвчилсэн шинжилгээний нэмэлт нөөц бүрдүүлэх, Хөлөнбуйр сумын хяналтын цэгт нэмэлтээр ажиллах хүн, хүч нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

-Шинжилгээг төлбөртэй хийх үү?

-Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж буй иргэдээс Хөлөнбуйр сумын хяналтын цэгт нэг машины нэг иргэнээс оношлуурын өртөг болох 15000 төгрөгийн төлбөртэй шинжилгээг авна. Мөн Хэрлэн сумаас бусад сум руу явж буй иргэдээс мөн адил очиж буй сумын хяналтын цэгт төлбөртэй шинжилгээг авна. Түүнчлэн тандалтын зургаа дахь хоногийн шинжилгээг төлбөртэй авна. Харин ХБИ, хүүхэд, Эрүүл мэндийн 13 А, Б маягт, буяны ажлаар зорчих иргэдэд түргэвчилсэн шинжилгээ үнэгүй.

-Нийтийн тээврийн үйлчилгээг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Нийтийн тээвэр долоо хоног бүрийн лхагва гаргийн 08:00 цагаас Дорнод-Улаанбаатар хот руу, баасан гаргийн 08:00 цагаас Улаанбаатар хотоос-Дорнод аймаг руу зорчино. 8066-1845 утсаар холбогдож бүртгүүлнэ.

-Баярлалаа.

Холбоотой мэдээ