Төрийн албаны шалгалтад оролцогчдын 26.4 хувь нь тэнцжээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-07-07 18:12:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны эхний байдлаар төрийн 4147 байгууллагад 205.011 албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын тоо өмнөх онтой харьцуулахад 6548-аар буюу 3,3 хувиар нэмэгджээ. Энэ нь иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, өргөжүүлэх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдлын зарим анги, салбарыг шинээр байгуулж, өргөжсөнтэй холбоотой аж. 

Мөн нийт төрийн албан хаагчдын 2 хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний ангилалд хамаарч байгааг Төрийн албаны зөвлөлийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцууллаа. 




Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын бүхий л үе шатанд үнэлгээ хийж, эрсдэл тодорхойлох, давуу, сул талыг илрүүлж, эрсдэлээс сэргийлэх зөвлөмжөөр хангаж ажиллажээ. Төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх болон төрийн үйлчилгээний удирдах нийт 21692 албан тушаалыг стандарт тодорхойлолттой болгожээ. Ингэснээр төрийн захиргааны албан тушаал бүрийн зорилго, зорилт, чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавих үндсэн шаардлага, үүрэг хариуцлагыг иж бүрэн зураглаж, баталгаажуулээ.

Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг технологийн дэвшил ашиглан зохион байгуулж байна. Шалгалтад иргэд бие даан бэлтгэх цахим платформ үүсгэж, тэгш, хүртээмжтэй байдлыг өргөжүүлэн мэдлэг, чадвараа урьдчилан сорих боломж бүрдүүлжээ. Төрийн албаны ерөнхий шалгалтад 27.383 иргэн оролцсоноос 7254 (26.4 хувь) нь тэнцжээ. Тэнцэлт нь олон улсын түвшинтэй ойролцоо байгаа аж. ШУА, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор сорил, тестийн агуулгыг баяжуулан тестийн сангийн өгөгдлийг нэмэгдүүлсний зэрэгцээ е-taz аппликэйшн хөгжүүлж, тестийг хэвлэмэл болон онлайн хэлбэрээр, гар утас, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээнд нээлттэй, тэгш хүртээмжтэй, ил тод болгож, шалгалтын бүхий л процессыг 100 хувь цахимжуулжээ. 


Холбоотой мэдээ