Шанхайн бирж Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчиллаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-05 12:02:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж дэлхийн ТОП-5 хөрөнгийн биржийн нэг Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран "Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг" нээлттэй вебинарыг өнгөрсөн 7 хоногийн сүүлээр зохион байгууллаа. Сурталчилгааг Шанхайн хөрөнгийн биржийн Олон улсын бизнес хариуцсан дэд захирал Фу Хао нээв. Тэрээр хэлэхдээ, "Ойрын хөршүүд болох Монгол, Хятад улс нь худалдаа, эдийн засгийн нягт харилцаатай орнууд. Бид хоёр орны хөрөнгийн зах зээлийг нэгтгэсэн үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж байна. Энэ нь хоёр зах зээлийн цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьж буйгаар түүхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. Үүний үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах өргөн боломжийг Хятадын хөрөнгийн зах зээлд оролцогчдод таниулах чухал ач холбогдолтой юм" хэмээн онцлон тэмдэглэв. 

Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчлах үйл ажиллагаанд Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компанийн 50 гаруй төлөөлөгч оролцов. Энд Монголын талаас Монголын Хөрөнгийн биржийн төлөөллүүд, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, "Райнос Инвестмент ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Денис Бэй нар оролцож, Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, боломж, цаашдын хөгжлийн талаар танилцуулав. Түүнээс гадна ирэх онд Банкны тухай хуулийн дагуу IPO хийхээр зорьж буй арилжааны банкуудаас ХААН банк, ХХБ-ны төлөөлөгч нар оролцож үйл ажиллагааныхаа талаар, мөн "Инвескор ББСБ" болон "Мандал ассет менежмент ҮЦК" компаниас шинээр гаргаж буй үнэт цаасны талаар  тус тус танилцууллаа. 




Монголын Хөрөнгийн бирж нь дотоодын хөрөнгийн зах зээлд оролцох гадаадын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийг сурталчлах, хөрөнгийн зах зээлд олон улсын стандарт нэвтрүүлэх, олон улсын зэрэглэлд багтаах чиглэлээр шат дараалсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ төрлийн дараагийн үйл ажиллагааг стратегийн хамтын ажиллагаатай Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран Лондонд төвтэй хөрөнгө оруулагчдад  зориулан энэ оны 9 дүгээр сард зохион байгуулахаар ажиллаж байна. 


Холбоотой мэдээ