УБТЗ амжилтаа ахиулж, "ТОП-100" аж ахуйн нэгжийн эхний зургаад шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-29 15:10:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн 6 дугаар байрт  “Улаанбаатар төмөр зам” ХНН шалгарлаа.


Тус нийгэмлэг нь сүүлийн 4 жил дараалан ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, жил бүр амжилтаа ахиулж иржээ. Тодруулбал, 2017 онд 14 дүгээрт, 2018 онд 10-рт, 2019 онд 8-рт шалгарсан бол энэ удаа 6 дугаар байрт шалгарсан байна.


Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг тээвэрлэдэг тус нийгэмлэг 2020 онд 30 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргажээ. Мөн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрдөг транзит тээврийн хэмжээг нэмэхэд ихээхэн амжилт гаргаж, Ази-Европын хооронд 2020 онд 2312 чингэлгийн галт тэрэг аялуулж, бүс нутагтаа өрсөлдөх чадвар нь үлэмж өссөн төдийгүй Монгол Улсыг Ази-Европыг холбосон гол коридор болохыг дэлхий дахинаа бодитоор харуулжээ.


Түүнчлэн тус нийгэмлэг нь шинэ төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын дээд бүтцийг барих ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ.


Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг хүмүүст нэн чухал хэрэгцээтэй ачаа барааг тасалдалгүй тээвэрлэх ажлыг УБТЗ-ын хамт олон 24 цагаар зогсолтгүй тээвэрлэж байна.


Ийнхүү Монгол Улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа УБТЗ-ын хамт олны хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар, Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл МҮХАҮТ-аас үнэлж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн 6 дугаарт шалгаруулсан байна.

Холбоотой мэдээ