Аймаг, нийслэл, сумын ИТХ-ын 8000 төлөөлөгчийн 60 хувь анх удаа сонгогджээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-06-29 09:35:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл, аймаг, сум орон нутгийн ИТХ-ын 8000 гаруй төлөөлөгчийн мэдлэг чадвар дээшилж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бэхжжээ. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дээрх үр дүн гарсан байна. 2017-2021 онд хэрэгжсэн уг төсөл өчигдөр хаалтын хурлаа цахимаар хийж, төслийн үр дүнгээ хэлэлцсэн юм.

Төслийн хүрээнд нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулахад дэмжлэг үзүүлжээ. Үүний үр дүнд аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн хариуцах чиг үүрэг илүү нарийн, тодорхой болж, төвлөрөл саарч, орон нутагт чиг үүргээ хэрэгжүүлэх төсвийн эрх мэдэл нэмэгдлээ. Тухайлбал, цалин хөлс ба түүнтэй адилтгах татвар, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэрэг хэд хэдэн төрлийн татварын орлого сумандаа шууд үлдэхээр болсон.

Түүнчлэн төслийн хүрээнд ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах жишиг дэгийг бий болгосноор хуралдааны зохион байгуулалтын чадавх сайжирч, иргэдийн оролцох боломж илүү нэмэгдлээ. 2021 оны 5 дугаар сарын байдлаар 21 аймаг, 330 орчим сум ИТХ төслөөс боловсруулсан хуралдааны жишиг дэгийн дагуу өөрсдийн хуралдааны дэгээ шинэчлэн батлан мөрдөж байна. Төслийн хүрээнд Удирдлагын академи, “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээтэй хамтран ИТХ-ын төлөөлөгчдөд:

  • Бүх шатны иргэдийн төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалт,
  • Манлайллын сургалт,
  • Эмэгтэй төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт,
  • Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нарт зориулсан сургалт,
  • Үндэсний сургагч багш нарын гэсэн олон төрлийн сургалт зохион байгууллаа.


Судалгаагаар 4 жил тутам орон нутгийн сонгуулиар сонгогдож байгаа 8000 гаруй ИТХ-ын төлөөлөгч нарын 60 орчим хувь анх удаа сонгогддог байна. Иймээс төлөөлөгч нарыг тасралтгүй чадавхжуулах суурь сургалтыг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлагатай байгаа нь харагджээ.


Сургалтад давхардсан тоогоор 20 мянга орчим төлөөлөгч хамрагджээ. Судалгаанаас харахад 4 жил тутам орон нутгийн сонгуулиар сонгогдож байгаа 8000 гаруй ИТХ-ын төлөөлөгч нарын 60 орчим хувь анх удаа сонгогддог байна. Иймээс төлөөлөгч нарыг чадавхжуулах суурь сургалтыг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага байна. Төлөөлөгчдийг тасралтгүй чадавхжуулах бололцоог бүрдүүлэхийн тулд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Хурлын төсөвт төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг тусгана гэсэн заалт орууллаа.




Төслийн хүрээнд ИТХ-ын хяналт, чадавхийг дээшлүүлэх зорилгоор жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж ирсэн. 2017-2020 онд нийт 73 ИТХ, мөн нутгийн удирдлагын чиглэлээр ажилладаг 23 ТББ-д тэтгэлэг олгожээ. Тэтгэлгийн хүрээнд ИТХ-ын үйл ажиллагаанд оролцох эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо нэмэгдэж, байгаль орчны нөхөн сэргээлт, орон нутгийн төсвийн зарцуулалтад тавих хяналт сайжирсан зэрэг үр олон үр дүн гарлаа.

ИТХ-ын тухай иргэдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, төлөөлөгчдийн сайн туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор 21 аймаг, 330 сум, 9 дүүргийг нэгтгэсэн khural.mn сайтыг бий болгон, идэвхтэй ажиллуулж байна. Тус цахим хуудсыг цаашид Засгийн газрын ХЭГ хариуцан авч явах юм. 2017-2019 онд зохион байгуулсан сургалтууд, тэтгэлэгт хөтөлбөр, төлөөлөгчдийг чадавхжуулах үйл ажиллагааны үр нөлөөг үнэлэх хөндлөнгийн судалгаагаар төслийн үр дүнгийн ерөнхий үнэлгээ 82 хувийн дүнтэй гарчээ. 


Холбоотой мэдээ