Ардын хувьсгалын ойн медаль 150 мянган ширхгийг гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-24 17:13:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 


Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ. Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг  цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна. Нэг медалийн нэгж үнэ 5000 төгрөг бөгөөд нийт 150 мянган ширхгийг гаргах аж.


УИХ-ын гишүүн С.Амарсайханы гаргасан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн 1 дүгээр хавсралтад заасан ойн медаль болон медалийн лого зургийн зарим хэмжээг өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ