Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-24 18:39:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр сэтгүүлч, нийтлэлч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй цолоор шагнууллаа.

 

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Торгууд овогт Авиан Баатархуяг 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Налайх дүүргийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992-1993 онд “Есөн эрдэнэ” брокерын пүүст нягтлан бодогч, 1994-1995 онд Налайх дүүргийн ЗДТГ-ын Статистикийн тасагт оператороор ажиллаж, улмаар 1995-1999 онд С.Жамьянгаравын нэрэмжит “Их Монгол” дорно дахины дээд сургуулийн сэтгүүл зүйн ангид суралцаж төгсчээ.

 

А.Баатархуяг “25 дугаар суваг” телевизийн Мэдээний албанд 2000-2006 онд  сурвалжлагч, редактор, ерөнхий редактор, 2006-2007 онд АН-ын нарийн бичгийн дарга, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2003-2008 онд “Монгол таймс”, “Улс төрийн сонин”-ы тоймч, 2009-2010 онд “25 дугаар суваг” телевизийн Мэдээний албаны дарга, 2010-2011 онд “25 дугаар суваг” телевизийн 2 дугаар сувгийн ерөнхий редактороор тус тус ажиллаж байлаа.

 

А.Баатархуяг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар 2012-2016 онд ажилласан юм. Тэрбээр “Нэрээ мартагсад”, “Цогт чандманийн эрэлд”, “Мартагдсан бэлгэдлүүд” зэрэг судалгааны бүтээлүүдээ олны хүртээл болгоод байгаа юм.

 

Монголын нийгэм, улс төрийн өнөөгийн байдлыг хурц, ил тодоор эрэн сурвалжилж бичсэн нийтлэлүүд нь Монголд ардчилсан, хүнлэг нийгэм цогцлоох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсэгч хүн бүхний итгэл үнэмшлийг төрүүлдэг билээ.   





Холбоотой мэдээ