Сумдад хүнсний хомстол үүсэхээс сэргийлж, татан авалтыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-24 13:36:59

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний 15-150 хоногийн нөөцтэй байна.

-Аймгийн хүнсний хангамж, нөөцийн судалгааг 24 сумын хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэгчдийн зоорь, агуулах дахь нөөцийн мэдээнд үндэслэн гаргаж байна.

Хөдөөгийн сумдад хүнсний хомстол үүсэхээс сэргийлж, татан авалтыг цаг хугацаанд нь зохион байгуулж байгаа. Цар тахлын үед үйлчилгээ үзүүлж буй хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч 1065 иргэн, хүнсний ачаа тээврийн 112 жолоочийн судалгааг гаргаад байна. Эдгээр иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа. Аймгийн хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зургаа, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 27, согтууруулах ундааны үйлдвэр хоёр байна. Харин ус ундаа шүүсний таван үйлдвэр, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, цех 25 байна. Мөн хүнсний худалдаа үйлчилгээний 320 гаруй аж ахуйн нэгж, худалдааны дөрвөн төв үйл ажиллагаа явуулж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ