“E-Mongolia” 2.5 сая хэрэглэгчтэй болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-24 11:29:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” гурван сая дахь үйлчилгээгээ цахимаар иргэдэд үзүүллээ.


Тус системийг 2020 оны 10 дугаар сарын нэгэнд нийтэд танилцуулснаас хойш давхардсан тоогоор 2.5 сая хэрэглэгчтэй болж, төрийн 50 гаруй байгууллагын 527 үйлчилгээг нэг цонхонд нэгтгээд байна.


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас энэ онд төрийн 592 үйлчилгээг “E-Mongolia” системд нэгтгэхээр зорьж байгаа бөгөөд удахгүй улсын бүртгэлийн багц 30 үйлчилгээг оруулахаар хөгжүүлэлтийн хийж байна. Эдгээр үйлчилгээ “E-Mongolia” системд орж, цахимжсанаар иргэн гар утаснаасаа компаниа байгуулж, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх боломжтой болох аж.


Иргэдэд нийслэлийн төв цэгээс төрийн цахим үйлчилгээг хүргэхээр Төв шуудангийн 1 давхрыг заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх “E-Mongolia” төв болгон шинэчилж, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг байгуулсан. Эндээс иргэн төрийн байгууллагын талаар санал, хүсэлт шүүмжлэл, гомдол, талархлыг хүргэж болохоос гадна “E-Mongolia” системээр нэвтрэх, үйлчилгээ авах талаар тусламж авч болно.


ХХМТГ төрийн цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлж, хууль эрхзүйн орчин бүрдүүлэхийг зорьж байна. Тодруулбал, УИХ-ын хууль зүйн байнгын хорооны энэ сарын 22-ны хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсныг тус газрын албан сайтад мэдээлжээ. 

Холбоотой мэдээ