Төрийн албаны өдрийг тэмдэглэж байна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-06-23 17:16:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг Төрийн албаны олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.  Энэ талаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн улс орнууд энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үздэг. Мөн энэ талын үйл ажиллагааг зохион байгуулахыг уриалдаг юм. 


Төрийн албаны өдрийн гол зорилго нь төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэх, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудахад оршдог байна. Мөн улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзэж, төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм, орчиндоо түгээн дэлгэрүүлдэг. 


НҮБ-ын Төрийн албаны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс гадаад орны Засгийн газрын болон олон улсын байгууллагын тэтгэлгээр суралцаж төгссөн, суралцаж буй төрийн албан хаагчидтай цахим уулзалт зохион байгуулав. 


Өнгөрсөн онд НҮБ Төрийн албаны олон улсын өдрийг коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад гол анхаарлаа хандуулсан юм. “Тэргүүн эгнээнд халдварын цар тахал өвчний эсрэг тэмцэж буй төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх нь” сэдэвт олон хүний амь насыг аврах ажлыг дэмжин урамшуулсан виртуал цахим үйл ажиллагааг манай улсад НҮБ-ын төв байранд  зохион байгуулж байв.


Монгол Улсын Төрийн албаны зөвлөл НҮБ-ын төрийн албаны чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирэв. Монгол Улсад хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг олон улсын байгууллага дэмжиж буйн нэгэн илрэл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжүүлж буй явдал юм. 

Холбоотой мэдээ