Мьянмарт өнгөрсөн сард 300 орчим халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-23 16:38:33

ТОКИО. /Nikkei/. Цэргийн эргэлт хийгчдийн эсрэг зэвсэгт нууц тэмцэл идэвхжиж байгаа Мьянмар улсад өнгөрсөн сард гар хийцийн тэсрэх бөмбөг ашиглан 300 орчим халдлага үйлджээ.


Энэ тухай дэлхийн янз бүрийн бүс нутагт болж буй зэвсэгт мөргөлдөөний талаар мэдээлэл цуглуулдаг, АНУ-д төвтэй “Armed Conflict Location & Event Data Project” байгууллага мэдээлсэн байна.


Цэргийн эргэлтийг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөнийг хүчээр дарж эхэлсний дараа эсэргүүцлийн жагсаалд оролцогч залуучууд терроризмын тактикт шилжиж, тэр дундаа гар хийцийн бөмбөг ашиглан халдлага үйлдэх болжээ. Халдлагын бай нь төрийн болон цагдаагийн байрууд, цэргийн албан тушаалтнуудтай холбоотой сургуулиуд, мөн мэдээлэгч гэж үздэг хүмүүс болж байгаа аж.


Тухайлбал, тавдугаар сарын сүүлчээр, Янгон хотын нэгэн дүүрэгт болсон хуримын үеэр бөмбөг дэлбэрч, сүйт бүсгүйг оруулаад гурван хүн амиа алджээ. Хожим нь нууц отрядынхан сүйт залууг цэргийн эрхтнүүдийн нууц ажилтан байсан гэж мэдэгджээ.


Мьянмарын томоохон хот болох Янгонд зургаадугаар сарын 18-нд үл таних этгээд цэргийнхнийг дэмждэг Эв санааны нэгдэл, хөгжлийн намын нэг салбарыг манаж байсан цэргүүдтэй ачааны машин руу тэсрэх бөмбөг шиджээ. Зургаадугаар сарын 10-нд мөн Янгоны гудамжинд энэ намын зүтгэлтнийг буудан хөнөөсөн байна.


Ийм халдлагуудын хариуцлыг үе үе хууль бус “үндэсний эв нэгдлийн Засгийн газрын” байгуулсан нууц зэвсэгт отрядууд хүлээдэг байна. “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” нь Мьянмар дахь төрийн эргэлтийг эсэргүүцэгчдийг нэгтгэхийг оролдож байгаа юм. Мьянмарт үйлдсэн террорист халдлагын улмаас 170 гаруй "гэм зэмгүй хүмүүс" амиа алдсан гэж цэргийн эрх баригчдын төлөөлөгч зургаадугаар сарын 12-нд мэдээлжээ. Цэргүүд тус улсын төв хэсэгт орших Мандалай тойрогт сөрөг хүчний отрядын эсрэг мягмар гарагт ажиллагаа явуулжээ. Энэ үеэр найман хүн амиа алдсан гэж Киодо агентлаг мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ