Ховд аймагт гудамжны шатар байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-23 14:15:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны дарга, хурандаа Д.Цэрэндорж санаачлан аймгийн төв талбай дээр “Гудамжны шатар” байгуулж, өнөөдөр хүлээлгэн өгөв.  

Энэ нь орон нутгийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих зорилго агуулж буй.  

Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны дарга, хурандаа Д.Цэрэндорж энэ онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, гавьяаныхаа амралтад гарч буй. Тэрбээр төрийн тусгай албанд 35 жил ажилласан байна.

Улмаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө Ховд аймгийн иргэд, хүүхэд багачуудад ээлтэй олон талт ажил хийж байгаагийн нэг нь гудамжны шатар юм.

Ховд аймгийн төв талбайд байрлалтай, олон улсын стандартад нийцсэн гудамжны шатрыг Ховд Шатрын холбоо”-ны тэргүүлэгчдэд хүлээлгэн өглөө.

Д.Цэрэндорж нь дэлхийн олон орноор аялал хийжээ. Тэнд хүүхэд, залуу үеийнхэнд зориулсан гудамжны шатрын хөлөг олон байсан нь өөрийн аймагтаа үүнийг хийх санаачилга төрүүлж байжээ.

Түүний эхлүүлсэн энэ ажлыг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, хүүхэд, залуучууд амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухаанаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг уриаллаа.

Шатар нь хоёр хүн хоорондоо тоглодог хөлөгт тоглоом юм. Өнөө үед энэхүү тоглоом нь дэлхийн хэмжээний оюун ухааны спорт болтлоо хөгжсөн байна.

Аймгийн төв талбайд байгуулсан шатрын хөлөг нь 64 нүдтэй. 32 дүрстэй. Шатрын хүү, тэмээ, ноён зэргийг мод ашиглан хийжээ. 

Холбоотой мэдээ