Иргэн А: Ханиалгаж байгаа хүмүүс байвал PCR-ын шинжилгээ өгөхийг зөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-18 12:26:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод өчигдөр коронавирусний халдварын эх үүсвэр нь тодорхойгүй 1 тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн А-тай  холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

 - Таны хувьд коронавирусний халдварыг хаанаас авсан нь тодорхойгүй байгаа юм байна. Халдвар авснаа яаж мэдэв?

 - Эхэндээ хоолой загатнаж, бага зэрэг ханиалгаж эхэлсэн. Харшлын гаралтай ханиад байж магадгүй гэж хэд хоног эмчилгээ хийлгэсэн. Ойролцоогоор 7 хоног ханиалгасан. Ханиалга намдаагүй болохоор рентген зураг авахуулахад уушгины хатгаатай болох нь тогтоогдсон. Тэгээд юмыг яаж мэдэх үү гэж өнгөрсөн лхагва гарагт PCR-ын шинжилгээ өгч, өчигдөр коронавирусний халдвар батлагдлаа.

- Өөрөө хаанаас халдвар авсан байж болзошгүй гэж таамаглаж байна?

- Ямар ч таамаг байхгүй байна. Өөрөө эрүүл мэндийн байгууллагад ажилладаг. Гараа тогтмол ариутгаж, амны хаалтаа байнга зүүдэг. Олон хүн цугларсан газар очоогүй, ажил гэрийн хооронд л явж байсан.

- Танай гэр бүлд хэдэн хүн байгаа вэ?

- Нөхөр, 2 хүүхэдтэй. Бага хүүхэд маань дөнгөж 6 сартай. Жирэмсний амралттай байгаад энэ сарын эхээр ажилдаа орсон.

- Та коронавирусний халдварын эсрэг вакцин хийлгэсэн байсан уу?

- Манай гэр бүлд би л ганцаараа вакцин хийлгээгүй. Хөхүүл хүүхэдтэй, эмийн харшилтай, зүрхний эмгэгтэй болохоор дархлаажуулалтад хамрагдаагүй. Вакцинаа хийлгэх ёстой байж.

- Одоо таны биеийн байдал ямар байна?

- Сайн байгаа. Ханиалгаас өөр зовуурь байхгүй байна. Гэхдээ, анх рентген зураг авахуулахад уушгины нэг талдаа хатгаатай гэж гарсан. Өнөөдөр үзэхэд хоёр талдаа хатгаатай болсон байна.

- Ард иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

- Манай аймагт олон хүн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа. Би үүний үр дүнд итгэхгүй байна. Ажиглалтад байгаа хүмүүс, бүр ойрын хавьтагчид хүртэл энэ тэнд явж байгаа тохиолдлууд байна. Өөрийгөө тэдний нэгээс халдвар авсан байж болзошгүй гэж бодож байгаа. Манай иргэд өвдөж, ханиалгаж байсан ч зүгээр л ханиад байна гэж тэрийгээ тоохгүй яваад байдаг. Ханиалгаж байгаа хүмүүс байвал над шиг өвчнөө хүндрүүлэхгүйгээр урьдчилан сэргийлж PCR-ын шинжилгээ өгөхийг зөвлөж байна.  

-Түүнчлэн PCR-ын шинжилгээг сайн дураараа төлбөртэй өгдөг. Мөнгөтэй, мөнгөгүй янз бүрийн хүмүүс байна. Уг асуудлыг зохицуулах ямар боломж байгаа бол?

-Төр засаг маань ч нөхцөл байдалд уялдуулан зохицуулалт хийж, хөл хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай болов уу гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд, ковид бол энгийн ханиад биш, цар тахал, хүн бүр хариуцлагатай байж, дэглэмээ сайн бариарай гэж хэлмээр байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа. Хурдан эдгээрэй!

Холбоотой мэдээ