Улсын хэмжээнд 400 мянган хүн вакцин хийлгээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-15 13:28:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 12 415 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 962 520  нь эхний тунг, 841 552 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 932 475 хүн, хоёрдугаар тунг 816 241 хүн хийлгээд буй юм. 


Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 894 995 хүн буюу 89.5 хувь, хоёрдугаар тунгаар 1 657 793 хүнийг дархлаажуулаад байна.


Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой иргэдээс 400 мянган хүн бүрэн хамрагдаагүй байна. Тиймээс иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.


Өнөөдрөөс нийслэлд эцэг эхийн зөвшөөрлөөр 16-17 настай хүүхдийг “Файзер”-ийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Хүүхэд ганцаараа дур мэдэн очоод вакцин хийлгэж болохгүй гэдгийг мөн мэдээлсэн юм.


Түүнчлэн "Спутник-V" вакцины хоёр дахь тунг хэзээ нийлүүлэх нь тодорхойгүй байна. Аль болох шуурхай татан авахаар ГХЯ ажиллаж байгаа. Вакцин ирсэн даруйд ЭМЯ хоёр дахь тунг тарих ажлыг зохион байгуулна гэдгийг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр тодотгов. 

 

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

Дулаан хувцаслах

Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

Эмчийн үзлэгт орох

Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

 

 

 

Холбоотой мэдээ