Японд дадлагажигчаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-23 16:06:35

Засгийн газраас баталсан “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад дадлагажигчаар ажиллах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс эхлэн 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэж эхэллээ.

18-39 насны, мэргэжлийн боловсролтой залуусыг хамруулах уг хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй юм. Засгийн газар “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталж, эхний ээлжинд Япон улсад дадлагажигч илгээх ажлыг зохион байгуулах болсон. Хөдөлмөрийн яамнаас Японд дадлагажигч ажилтан илгээх бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан төлөвлөгөө гаргасан гэдгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт мэдээлэв.

Японд дадлагажигчаар  ажиллах хүсэлтэй хүмүүс харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспорт, мэргэжлийн ур чадвартайг батлах диплом, үнэмлэхийн эх хувийг хуулбарыг авч ирж бүртгүүлэх юм. Бүртгэл энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дууссаны дараа иргэдийг Хөдөлмөрйин яамны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг түшиглэн япон хэл болон тус улсын хууль эрх зүй, нийгэм, соёлын талаарх сургалтад үнэ төлбөргүй хамруулах аж. Сургалтыг амжилттай дүүргэж, шалгалтад тэнцсэн хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулав.

-Дадлагажигчдын цалингийн хэмжээг хэрхэн тогтоох вэ. Нийгэмд 1500 ам.доллар гэсэн мэдээлэл гарсан байна?

-Одоогийн мөрдөж байгаа гэрээ, хэлэлцээрийн дагуу манай иргэд дунджаар 1300-1500 ам.долларын цалин авдаг. Шинэ хэлэлцээрийн хүрээнд дадлагажих иргэдийн цалин ч энэ хэмжээнд байна. Цаашдаа нэмэх чиглэлээр ажиллах болно.

-Хөтөлбөрт ямар мэргэжлийн хүмүүс хамрах боломжтой вэ?

-Япон улс одоо гадаад орнуудаас барилга, цахилгаан, дулаанаас эхлээд 130 гаруй мэргэжлийн салбарт дадлагажигч ажиллуулж байгаа. Бид ч бас энэхүү 130 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ.

-Японы Элчин сайдын яамнаас тайлбар хийж дадлагажигч авах хугацаа болоогүй гэж байсан?

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Япон улсад 100 мянга гаруй залуусыг дадлагажуулна гэсэн мэдээлэл гарсан. Японы Элчин сайдын яамнаас “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т тодорхой тоо заагаагүй гэсэн утга бүхий мэдэгдэл гаргасан. Япон улс жилд гадаадаас 200 мянга орчим дадлагажигч авч ажиллуулдаг. Бид сайн ажиллаж чадвал тэр хэмжээгээр дадлагажигчийн тоо нэмэгдэх боломжтой. Одоогоор дадлагажигчийн тоо тодорхой бус.

-Хэлний болон бусад сургалт хэзээ эхлэх вэ?

-Энэ оны 7 дугаар сарын сүүлчээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Сургалт 3 сар үргэлжилнэ. Сургалтын хугацаанд “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” Япон улсаас ажиллах хүчний захиалга авч, гэрээ байгуулж эхэлнэ. Эхний гэрээг “Токио-2020” зуны олимпийн бүтээн байгуулалтад ажиллуулах чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа.

-Залуусыг хэдэн жил дадлагажуулах вэ?

-Хөтөлбөрт 3 жил байхаар тусгасан. Хэрэв тухайн байгууллагадаа амжилттай ажиллаж чадвал 2 жил сунгаж болно.

-Барьцаа хөрөнгө шаардах уу?

-Иргэдэд хүндрэлгүйгээр шийдэхийн тулд бүртгэлд хамарсан залуус болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, барьцаа хөрөнгийн талаар ярилцах болно.

-Тэнцсэн залуус Япон улс руу зорчих зардлыг хэн хариуцах вэ?

-Виз болон онгоцны тийзийн мөнгийг хувь хүн өөрөө гаргана. Төрөөс ажилд зуучлах үйл ажиллагааг л зохион байгуулах юм.

-Япон улс газар хөдлөлтөөс эхлээд байгалийн гамшиг ихтэй. Дадлагажигчаар ажиллах залуусыг даатгалд хамруулах уу?

-Япон Улс хүний эрхийг дээдэлж, хуулиа чанад мөрддөг. Хуулийн хүрээнд бүх ажиллагсдыг даатгалд хамруулж байгаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ