Б.Хүрэлдовчингийнх үхэр сүргийн тоо толгойгоор сумандаа тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-15 12:04:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн малчин Б.Хүрэлдовчингийн гэр бүл “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарч, шагналаа гардан авлаа.

Эднийх одоо Зэрэг сумын төвөөс 35 км зайд “Тариатын хар ширэг” гэх газарт нутаглаж байна. Малчин Б.Хүрэлдовчин 1991 оноос эхлэн мал маллаж байгаа бөгөөд анх өрх тусгаарлахдаа 100 гаруй малтай байжээ.

Тэгвэл одоо тус малчных 1300 орчим толгой малтай болсон бөгөөд энэ жил 500 гаруй төл хүлээн авсан байна.

Мөн Зэрэг сумын тухайд 564 малчин өрхтэй бол Гүвээ багт 147 малчин өрх бий. Үүнээс онцлоход, малчин Б.Хүрэлдовчин нь Гүвээ багаас тодорч буй дөрөв дэх Улсын аварга малчин гэдгээрээ онцлогтой байна.

Тус малчных ихэвчлэн Чандмань, Мөст, Манхан сумын нутгаар 100 орчим км замыг туулж отор нүүдэл хийж байгаа бөгөөд нутгийнхаа залуу малчдын төлөөлөл 2-3 өрхийг малжуулжээ.

Мөн эднийх 2020 оны мал тооллогын дүнгээр үхэр сүргийн тоо толгойгоор сумандаа тэргүүлж байна. Тал хээр, өндөр уул хосолсон байгалийн бүс бүслүүр бүхий энэ сайхан нутагт малчин түмний аж амьдрал өглөө эрт босохоос эхэлдэг. Бэлчээрийн ургамал сайн ургаж, цаг сайхан байвал мал тарга тэвээргэ авах нь хурдан. Улмаар малчин хүний сэтгэл ч тэнэгэр байдаг хэмээн Улсын аварга малчин Б.Хүрэлдовчин хуучиллаа. 

Түүний шагналыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлыг баг, сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгсөн байна.   

Холбоотой мэдээ