Хүндэт доноруудын хүрээ тэлжээ
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас жил бүрийн 6 дугаар сарын
14-ний өдрийг Цусны доноруудын өдөр болгосон байдаг. Улмаар 2004 оноос
дэлхий нийтээр тэмдэглэж эхэлжээ. Монгол Улс энэ өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэж
байна.
Цар тахлын дэгдэлтээс үүдэн сүүлийн хоёр жил бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Энэ жил ЦССҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр "2021 онд хүндэт доноруудын эгнээ 108-аар тэллээ” гэж цахимаар мэдэгджээ. Энэ төв эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай цусан бүтээгдэхүүнийг чанар стандартын шаардлагад нийцүүлэн нийлүүлсээр байгаа юм. Хөл хорио, цар тахлын улмаас 2020, 2021 онуудад цус цуглуулах ажлыг төрөл бүрээр зохион байгуулжээ.
Бусдад амьдрал хайрлан цусаа бэлэглэгчдийг алдаршуулах зорилгоор энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх шаардлагатай болсон гэж тайлбарладаг. Монгол Улс 2000 онд цусны донорын хууль баталж, ийм хуультай дэлхийн 30 дахь орон болсон байна. Тус хуулийг баталснаас хойш 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Мөн хуулийг 2017 онд шинэчилэн найруулсан байна. Хуульд 35 удаа ба түүнээс дээш тоогоор цусаа бэлэглэсэн иргэнийг "Хүндэт донор" цолоор шагнах заалт бий. Ийм цолтой донор улсын итгэмжлэгдсэн сувилалд жилд 1 удаа үнэ төлбөргүй амарна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар тэдэнд эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийнэ. Үзлэгийг улсын 2, 3 дугаар төв эмнэлгүүдэд дугаар харгалзахгүй хийдэг онцлогтой. Цусны доноруудыг 70-100 удаа цус бэлэглэвэл хүрэл, 150 хүрвэл мөнгө, 150-аас дээш гарвал алтан донор гэж өргөмжлөх болжээ.
Улсын хэмжээнд давхардсан тоогоор 140 мянга орчим донор байдаг гэсэн мэдээлэл бий. Тэднээс 1000 гаруй нь хүндэт донор цолтой. Харин одоо 50 мянга орчим донор цусаа идэвхтэй бэлэглэж байна. Олон улсын өдрийг угтан тогтмол хугацаанд цусаа бэлэглэж буй донорыг алдаршуулах, тэдний буянт үйл хэргийг нийгэмд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулдаг жишиг манай улсад тогтсон байна. Тодруулбал, 2019 онд дэлхийн цусны донорын өдрийг “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, хаана ч” гэсэн уриан дор Сүхбаатарын талбайд ЭМЯ, ЦССҮТ, МУЗН хамтран зохион байгуулсан. Тэр үед улсын хэмжээнд 34,296 донор цусаа бэлэглэсэн. Тэдний 26,053 нь Улаанбаатар хотод, үлдсэн 8243 нь аймаг орон нутагт байсан гэх мэдээлэл олон нийтэд цацагдаж байжээ.
Цус цусан бүтээгдэхүүний эмгэг төрүүлэгчийг идэвхгүйжүүлэх, рентген туяагаар шарах шинэ технологийг өнгөрсөн оноос Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Шинэ технологи нэвтэрснээр хөлдөөж угаасан улаан эсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нэр төрөл нэмэгдэж, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах боломжтой болсон юм. Өнөөдөр тус төв доноруудын бэлэглэсэн цусаар 30 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг хангаж байна.
Ер нь ЦССҮТ-ийн нэрийн хуудас 1963 оноос эхэлсэн түүхтэй. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 505 дугаар тогтоол 1962 оны 12 дугаар сарын 26-нд гарч, 1963 оноос Цус сэлбэх төв станц нэртэй бие даасан байгууллага болон ажиллаж эхэлжээ. Гэхдээ түүнээс өмнө цус сэлбэх эмчилгээ хийж байгаагүй гэсэн үг биш. Улсын төв эмнэлэгт 1938 онд мэс засалч эмчээс цус авч цус сэлбэх эмчилгээ хийсэн нь орчин үеийн эмнэлгийн түүхэнд анхны тохиолдол болон тэмдэглэгдэн үлджээ. Мөн 1939 оны Халх голын дайны үед шархадсан цэрэг, дайчдад цус сэлбэх эмчилгээ хийж байсан түүхтэй.