Т.Доржханд: Бодлого, үнэт зүйл, зарчмаараа өрсөлддөг улс төрийн соёлыг түгээх итгэл үнэмшилтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2021-06-10 12:11:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд, Монгол Улс анх удаа 6 жилээр сонгох Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа.


"Энэ удаагийн сонгууль сүүлийн 30 жилд хийсэн сонгуулиас ялгаатай нь нэр дэвшигчид ямар нэг байдлаар бие биенээ харлуулаагүй, зардал бага гаргалаа. Мөн сонгуулийн нээлтийн үеэр, цар тахлын үед хамгийн бага зардлаар хийе, самбар тавихаа больё, үлгэр жишээ сонгууль хийе гэсэн уриалгыг өрсөлдөгч намууд, нэр дэвшигчид хүлээн авч, төрийн тэргүүнээ амжилттай сонгосон сонгууль боллоо” гэж “Зөв ХҮН электорат эвсэл” дүгнэж байгаагаа сэтгүүлчдэд мэдээллээ.


УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд хэвлэлийн хурлын үеэр, хамгийн олон санал авсан МАН-ын дарга У.Хүрэлсүхэд баяр хүргэн, ажлын амжилт хүсээд, өнөөдрөөс эхлэн эрх барьж байгаа намыг зөв зүйлд дэмжиж, буруу зүйлд сөрөг хүчний байр сууриа хүчтэй илэрхийлж, идэвх зүтгэлтэй ажиллахаа мэдэгдсэн юм.


УИХ-ын 2020 оны сонгуульд Хөдөлмөрийн үндэсний намыг 209 мянган иргэн дэмжиж санал өгсөн бол нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд 250 мянган санал өгчээ.


“Энэ нь бидний дэмжигчдийн тоо нэмэгдсэн хэвээр байна. Санал өгсөн иргэдийн 20 орчим хувь биднийг дэмжиж байгааг хоёр удаагийн сонгуулиар илэрхийллээ. Цаашид Монголын улс төрд шинэ салхи, эрүүл зөв хүнийг төлөөлж чадах хүмүүсийг “Зөв ХҮН электорат эвсэл”-ээс нэр дэвшүүлнэ. Бодлого, үнэт зүйл, зарчмаараа өрсөлддөг улс төрийн шинэ соёлыг Монголын улс төрд түгээж чадах итгэл үнэмшлээ авч чадлаа” хэмээн Т.Доржханд онцоллоо.


Тус эвслээс энэ удаагийн сонгуульд 1.2 тэрбум төгрөгийн зардал гаргасны дийлэнхийг нь гадаадад байгаа монголчууд шилжүүлжээ. 

Холбоотой мэдээ