Орхон аймгийн Залуучуудын холбоо бага чуулганаа зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-08 16:04:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд залуучуудын байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг угтаж Орхон аймгийн Залуучуудын холбоо энэ сарын 6-нд бага чуулганаа зохион байгуулав. Одоогоор орон нутгаас Орхон л бага чуулганаа зохион байгуулаад байна. 


Орхон аймгийн хувьд Эрдэнэт нь залуучуудын хот гэдгээрээ алдартай, нийт 104.5 мянга гаруй хүн амын 60 орчим хувийг залуучууд эзэлдэг. Эрдэнэт хотын анхны шавыг өнөөгийн Монголын Залуучуудын Холбооны суурь буюу МХЗЭ-ийн илгээлтийн эзэд барьж байгуулсан түүхтэй юм. Тэр ч утгаар тус аймгийн залууучуудын байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар Орхон аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ч.Баярмагнай хэлж байна. 





Тус холбоо “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбоотой хамтран  Монголд залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой баярыг тэмдэглэхээр болж, энэ оны 9 дүгээр сараас хүүхэд, залуучуудад боловсролын чиглэлээр, хүүхдүүдэд нийгмийн сэтгэл зүй болон нөхөн үржихүйн боловсрол олгох томоохон ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн залуучууд болон ахмад үеийн холбоог бэхжүүлэх, залуучууд болон ахмадуудад ээлтэй аймаг, хот болохоор ажиллаж байна. Орхон аймгийн Залуучуудын холбоо чуулганаараа удирдлагаа шинэчлэн өргөтгөж,  холбооны удирдлагад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид сонгогдон нийт 17 тэргүүлэгчтэй ажиллаж байна.



Холбоотой мэдээ