Түймэрт орон гэргүй болсон өрхөд иж бүрэн гэр олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-08 11:19:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд гал гарч, нэгэн гэр бүлд хүний амь, эд хөрөнгийн хүнд гарз тохиосон.

Тиймээс сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Х.Оюунчимэг нарын санаачилгаар тус сумын Эмэгтэйчүүдийн холбоо бусад ТББ-уудтай хамтран хандивын аян зохион байгуулж, тус гэр бүлд иж бүрэн тавилгатай гэр хүлээлгэн өглөө.  

Энэхүү сайн үйлсийн аянд аймгийн Цагдаагийн газар, сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, "Дэлгэрэх хүлэг" уяачдын холбоо, Шагайн холбоо, Бөхийн холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Эрчүүдийн холбоо, Ахмадын холбоо, Залуучуудын холбоо, “Хөгжилтэй аялал” зэрэг байгууллага, иргэд нэгджээ.

Сумын ЗДТГ-аас тухайн өрхөд шинээр газар олгож, гэрийн эзэгтэй болон 5 хүүхдийг нь бичиг баримттай болгох асуудлыг шийдвэрлэж байна. 

Холбоотой мэдээ