Д.Гройне: Монгол цэргүүд “Мармал” баазын үлгэр жишээ цэргийн баг байсаар ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-02 13:26:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Исламын Бүгд найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын цэргийн баг бүрэлдэхүүнд Умард Атлантын гэрээний байгууллагын медаль гардуулах ёслол болсон тухай ЗХЖШ-аас мэдээлэв.



Ёслолын үеэр, “Мармал” баазын хүчлэн хамгаалалтын батальоны захирагч, дэд хурандаа Д.Гройне, “Мазар-И-Шарифын командлал буюу хуучнаар Хойд бүсийн цэргийн командлалын далбаа буулгах ёслол болж өнгөрсөн хэдий ч Монгол Улсын XIII ээлжийн цэргийн багийн захирагчтай ярилцаж Монголын цэргийн багт медаль гардуулах ёслол зохион байгуулж байна. Өнөөдрийн энэ ёслол нь монгол цэргийн багийн үүрэг гүйцэтгэл дуусаж байгаа хэрэг биш, харин та бүхний гүйцэтгэлийг өндрөөр үнэлж буй явдал юм” гэж тэмдэглэв. 2009 оноос өнөөг хүртэл хамтран үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ажиллагааны зорилго, гүйцэтгэх үүрэгт ямар ч өөрчлөлт орсон монгол цэргүүд оногдсон үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн гэдгийг онцлоод, энд үүрэг гүйцэтгэсэн үе үеийн Монгол Улсын цэргийн алба хаагчдад талархал илэрхийлэв.



Мөн тэрээр баазын нэгдсэн дадлагаар монгол цэргүүд өндөр түвшинд бэлтгэгдсэн, ямар ч цагийн байдалд үүрэг гүйцэтгэх чадвартайгаа батлан харуулж, сахилга бат, үнэнч байдал, мэргэжлийн ур чадвараараа “Мармал” баазын үлгэр жишээ цэргийн баг байсаар ирснийг цохон тэмдэглээд, цэргийн багийн захирагч, дэд хурандаа Э.Амартүвшинд талархал илэрхийлэв. Тэрээр, Цэргийн алба хаагчдын төлөөлөл болгож 10 офицер, ахлагчид Умард Атлантын гэрээний байгууллагын медаль гардууллаа.




Д.Урансолонго

Холбоотой мэдээ